Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/03-НД НИЙТЛЭГДСЭН

"НОК болон мэргэжлийн байгууллагууд нийслэлд танхимын хичээлийг зохион байгуулах ямар ч чиглэл өгсөн БШУЯ бэлэн"

Б.Бадамгарав, IKon.mn
2021 оны 3 сарын 3
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Аймаг, сумдын цэцэрлэг, сургуулийн танхимын сургалт энэ сарын 1-нд албан ёсоор эхэллээ. Харин нийслэлийн хэмжээнд танхимын сургалтыг хэзээ эхлүүлэх, хэрхэн зохион байгуулах нь тодорхойгүй хэвээр байгаа тул Боловсрол, шинжлэх ухааны яамны Бага, дунд боловсролын газрын дарга Т.Ням-Очироос энэ талаар тодрууллаа.

-Аймаг, сумдын цэцэрлэг, сургуулийн танхимын хичээл Даваа гарагт эхэллээ. Ирц хэдэн хувьтай байна вэ?

-Даваа гарагт ерөнхий боловсролын сургуулиудын ирц 86 хувьтай байсан. Зарим аймагт ирц 95 хувь байна. Үүнээс харахад сурагчид танхимын хичээлдээ хамрагдах хүсэл эрмэлзэл их байгаагийн зэрэгцээ сургуулиуд бэлэн байдлаа сайтар хангасан байна гэж эцэг, эхчүүд хүлээн авч байгаа нь ажиглагдаж байна. 

Танхимын хичээлдээ суухаар хот хооронд 3,370 хүүхэд зорчиж байна. Эдгээр хүүхэд яарч сандрах хэрэггүй бөгөөд багш нар ч шахаж шаардахгүй тул долоо хоног гэртээ өөрийгөө тусгаарласны дараа хичээлдээ хамрагдана. Мөн отрын бүс нутагт түр амьдарч буй 400 гаруй хүүхэд тухайн бүс нутгийнхаа сургуульд суралцаж байгаа.

Жишээлбэл, Өвөрхангай аймгийн сургуульд суралцдаг хүүхэд гэр бүлийнхээ хамт отроор Говьсүмбэрт очсон бол тэр аймагтаа ерөнхий боловсролын сургуульд суралцаж болно. Урин цагт нутагтаа очиход сургуулиас нь хэд хоногт суралцсан тухай тэмдэглэл өгч байхаар зохицуулсан. 

-Нийслэлд танхимын сургалтыг хэзээ эхлүүлэх талаар Боловсрол, шинжлэх ухааны яамнаас ямар саналууд гаргаж байна вэ. Дөрөвдүгээр сарын 1-нээс эхлүүлэх саналаа гаргасан гэх мэдээлэл гарсан?

-2021 оны хоёрдугаар сарын 24-ний өдрийн Засгийн газрын хуралдаанаар аймаг, сумдын цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн танхимын сургалтыг гуравдугаар сарын 1-нээс зохион байгуулах шийдвэр гаргасан. Харин нийслэлийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн сургалтыг танхимд зохион байгуулж эхлэх тухай шийдвэр гаргаагүй. Бид нөхцөл байдлаа харна. Хоёрдугаар сарын дунд хүртэл нийслэлд хатуу хөл хорио тогтоож, "Нэг хаалга-Нэг шинжилгээ" арга хэмжээг хэрэгжүүлснээр 30 гаруй голомт, түүний хавьтал 140 гаруй тохиолдлыг илрүүлсэн.

Нийслэлд гарч буй голомтуудын тархалтыг хумьсан байдал, вакцинжуулалтын үр дүн болон хот хоорондын зорчих хөдөлгөөн нээгдсэнтэй холбоотой үүдэн гарах эрсдэл зэргийг тооцох хэрэгтэй. Энэ бүх ажлын үр дүнг цэгцтэй болгож, аюулгүй байдлаа хангасны дараа нийслэлд танхимын хичээл эхлүүлэх хугацааг товлоно. Заавал гуравдугаар сарын 10-н эсвэл дөрөвдүгээр сарын 1-н гэх биш, тухайн үед нь Засгийн газар, Улсын Онцгой комиссоос шийдвэрлэх юм. 

-Хэрэв нөхцөл байдал хүнд хэвээр үргэлжилсээр байвал өмнөх жилийнх шиг зөвхөн 12 дугаар ангийнханд танхимд давтлага өгөх хувилбар яригдах уу?

-Бүх боломж бий. Нийслэлийн Онцгой комисс болон мэргэжлийн байгууллагууд зөвхөн 12 дугаар ангийнханд давтлага өгч болно гэвэл БШУЯ хүлээж авахад бэлэн. 1, 2, 5, 9 дүгээр ангийнхныг танхимын хичээлд хамруулъя гэсэн ч хүлээж авахад бэлэн байгаа.

Хамгийн гол нь коронавирусийн халдвар илрүүлэх PCR шинжилгээ авах цэгүүд ерөнхий боловсролын сургуулиудад байрлаж байна. Хэрэв танхимын сургалтыг эхлүүлэхээр шийдвэрлэвэл цэгүүдийг өөр газарт шилжүүлэх арга хэмжээг холбогдох байгууллага авах ёстой. PCR шинжилгээний цэгүүд байрлаж байхад дэргэд нь давтлага орж таарахгүй тул зохицуулалтаа нийслэлээс хийж байж, бодлогын яам нь дэмжиж, чиглэлээ тодорхойлох учиртай.

-2020-2021 оны хичээлийн жилийн бүтэц өөрчлөгдөх үү?

-Хичээлийн жилийн бүтэц ёсоор сурагчдын хоёрдугаар улирлын амралт гуравдугаар сарын 29-нөөс дөрөвдүгээр сарын 5-нд байх учиртай. Гэхдээ гуравдугаар сарын 15-наас хойш багш нар болон эрдэмтэн судлаачидтайгаа хэлэлцэж байж, хичээлийн жилийн бүтцээ өөрчлөх үү, хэвээр үлдээх үү гэдгийг шийднэ.

Хэрэв нөхцөл байдал дээрдэж, өвчлөл хумигдвал зургаадугаар сарыг бүтэн ашиглахыг үгүйсгэхгүй. Энэ тохиолдолд багш нарын ээлжийн амралт болон цалин хөлсний асуудлыг зохицуулна. Гэхдээ тухайн үед нөхцөл байдал ямар байхыг урьдчилан таамаглах аргагүй тул одоо тодорхой шийдвэр гаргах боломжгүй. Мэргэжлийн байгууллагуудын санал дүгнэлтийг харж байж шийдвэрээ гаргана.

-Элсэлтийн ерөнхий шалгалтыг зургаадугаар сард авахаар төлөвлөж буйг Боловсролын үнэлгээний төвөөс мэдээлсэн. Гэтэл нийслэлийн сурагчдын агуулгын алдагдал 22 хувьд хүрсэн гэх судалгааны үр дүн гараад байгаа. Аймаг, сумдад энэ оны нэгдүгээр сарын 1-нээс танхимын давтлага, энэ сарын 1-нээс танхимын хичээл нь орж эхэллээ. Тэгэхээр орон нутаг, нийслэлийн сурагчдын хооронд ялгаатай байдал үүсэх магадлалтай юм биш үү?

-Аймаг, орон нутгууд хүүхдүүддээ хүрч ажиллах зохион байгуулалтаа хийж байгаа. Бидний авсан судалгаагаар нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн 13,000 гаруй сурагч ямар нэгэн байдлаар теле хичээлдээ хамрагдаж байна

Элсэлтийн ерөнхий шалгалтын товыг одоогоор нарийвчлан тогтоогоогүй. Цар тахлын нөхцөл байдал, хичээл сургалтын явцыг харсны үндсэн дээр ЭЕШ-ыг авахаас ойролцоогоор сар гаруйн өмнө товлож зарлана. Зургаадугаар сард элсэлтийн ерөнхий шалгалт авах уу, долдугаар сард  авах уу гэдгийг тэр үед нь хэлнэ.

Бид цар тахлын үед амьдарч байгаа учир хүүхдүүддээ аль болох хүртээмжтэй байх арга хэлбэрийг эрэлхийлэн ажиллаж байна. Сурагчид дор бүртээ бэлэн байдлаа хангаж, хичээлдээ анхаарахаас өөр гарц одоогоор алга. 

-Энэ жил төгсөх ангийн сурагчдаас улсын шалгалт авах уу?

-Үнэлгээ дээр уян хатан хандана. Дэлхий нийтээрээ сурагчдын үнэлгээнд уян хатан байгаа. Хүүхдийг айдас түгшүүрт автуулахгүй байх, сурах идэвх сонирхлыг бууруулахгүй байхад анхаарна. Орон нутагт хичээл сургалтыг саяхан эхлүүллээ. Энэ нь үр дүнтэй байвал үнэлгээний талаар асуудлыг нарийвчилна.

Аймаг, сумдад танхимын хичээл эхэлсэн ч бүх хичээлийг оруулаагүй байгаа. Эхний дөрвөн долоо хоногт суурь агуулгуудаа судлаад, тав дахь долоо хоногоос хичээлийн тоо нэмэгдсэнээр долоо дахь долоо хоногоос энгийн горимд шилжсэн байна гэж тооцоолсон. Тиймээс хичээлийн жилийн төгсгөлд хичээлүүд харилцан адилгүйгээр судлагдсан байх тул хэрхэн үнэлэхийг мэргэжлийн байгууллагуудтай хамтран шийдвэрлэж, уян хатан хандана.

-Хувийн хэвшлийн сургуульд төрөөс хувьсах зардал олгохгүй байх тухай яригдаад байна. Энэ нь бүх сургуульд хамаарах уу. Хувьсах зардлыг танаснаар сургалтын төлбөр нэмэгдэх эрсдэл бий гэх хүн их байна?

-Хэт өндөр төлбөртэй хувийн хэвшлийн сургуулиудад хувьсах зардлыг олгохгүй байх асуудал яригдаж байгаа.

Улсын хэмжээнд хувийн хэвшлийн 167 сургууль үйл ажиллагаа явуулж байна. Дийлэнх олонх нь 5 сая төгрөг ба түүнээс доош хэмжээний төлбөртэй. Өөрөөр хэлбэл, хувийн хэвшлийн сургуулиуд нь нийгмийн хариуцлагын хүрээнд тодорхой хэмжээний ажлын байр бий болгож, хүүхдүүдийн сурч боловсрол эрхийн төлөө ажиллаж буй байгууллагууд юм. Боловсрол, шинжлэх ухааны яамнаас хувийн хэвшлийн сургуулиудад ажиллаж буй 5,000 орчим багшийн ажлын байр, орлогыг хамгаалах, 48,338 хүүхдийн сурч боловсрох үйл ажиллагааг тасалдуулахгүй байхад анхаарч, бодлого шийдвэрээ гаргана. 

-Кембрижийн хөтөлбөртэй сургуулиуд энэ жил элсэлтээ хэдэн сард зохион байгуулах вэ?

-Цар тахлын нөхцөл байдалтай уялдуулна. Хэдэн сард элсэлтээ зохион байгуул гэж шаардахгүй.