Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/03-НД НИЙТЛЭГДСЭН

"Дархлаажуулалтын ажил удаашралтай байгаа нь хүн хоорондын зай барих, вакцин хийлгэсний дараа ажиглах, хянах үйл ажиллагаатай холбоотой"

Г.Номин, iKon.mn
2021 оны 3 сарын 3
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

 ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын үеэр ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

- Вакцинжуулалтад онцгой нөхцөлд ажиллаж байгаа албан хаагчдыг хамруулж байна гэж ойлгож байгаа. Хэзээнээс энгийн иргэд вакцин хийлгэж эхлэх вэ?

- Эхний ээлжинд нийслэл хотод ажиллаж байгаа эрүүл мэндийн ажилтнууд, хариу арга хэмжээний багт ажиллаж байгаа хүмүүсийг дархлаажуулалтад хамруулж байна. Энэ үйл ажиллагааг өргөжүүлж зорилтот бүлгийг дархлаажуулах ажил энэ долоо хоногоос эхэлсэн.

- Дархлаажуулалтын ажил удаан байгаа талаар шүүмжлэлүүд гарч байна. Өрхийн эрүүл мэндийн төвүүдээр дархлаажуулалтын ажлыг хийх боломжтой юу?

- Монгол Улс эхний ээлжийн 150,000 хүн тун вакциныг хүлээж аваад урьдчилж хийсэн төлөвлөлтийн дагуу дархлаажуулалтын ажлыг хийж байна. 

Өрхийн эрүүл мэндийн төвүүд хэвийн ажиллаж байгаа. Гэхдээ өрхийн эрүүл мэндийн төвөөр дамжуулан үндсэн тусламж үйлчилгээ явагдаж байгаа учраас эрүүл мэндийн төвүүд дээр дархлаажуулалтын цэгийг байгуулсан. 

Дархлаажуулалтын ажил удаашралтай байгаа нь цар тахлын үеийн нөхцөл байдлаас шалтгаалаад зай барих, вакцин хийлгэсний дараа ажиглах, хянах үйл ажиллагаа явагдаж байгаа учраас өдөртөө 1,000 гаруй хүнд вакцин хийж байна. Цаашдаа вакцинжуулах хүн амын тоо нэмэгдэх хэрээр дархлаажуулалтын цэгийг нэмэгдүүлээд явна. Мөн вакцины хангамжтай холбоотойгоор эрэмбэлэлтүүдийг хийгээд явж байгаа.

- Дархлаажуулалтыын 22 цэг дээр хэчнээн эрүүл мэндийн ажилтан, ямар цагийн хуваариар ажиллаж байгаа вэ?

- Дүүргийн эрүүл мэндийн төвүүд дээрх 22 цэгт 31 багийн 220 гаруй, лавлагаа төвүүд дээр 10 багийн 80 гаруй гээд нийтдээ Улаанбаатар хотын хэмжээнд 300 орчим эрүүл мэндийн ажилтан дархлаажуулалтын цэгүүдэд ажиллаж байна. Төлөвлөлтийн дагуу цаашаа ажиллахаар өрх, сумын эмч нараас судалгаа авсан байгаа.

- ДЭМБ-аас БНХАУ-ын Синофарм, ОХУ-ын Спутник-V вакциныг бүртгээгүй байгаа. Манай улс эмийн бүртгэлдээ бүртгэсэн үү, ДЭМБ бүртгээгүй вакциныг хэрэглэх нь эрх зүйн хувьд зөрчил болох уу?

- Манай улс Дархлаажуулалтын тухай хуульдаа олон улсад болон өөрийн оронд хэрэглэхийг зөвшөөрсөн вакциныг хэрэглэхээр заасан. Өнөөдрийн байдлаар  манай улс ДЭМБ-аас яаралтай горимоор бүртгэсэн AstraZeneca вакциныг дархлаажуулалтдаа хэрэглэж байна. 

ВИДЕО ҮЗЭХ: /2021.03.03/ (Бичлэг харагдахгүй бол ЭНДЭЭС үзэх боломжтой)

https://www.facebook.com/iKonNews/videos/2803090619903665
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.