Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/03-НД НИЙТЛЭГДСЭН

Ж.Байгалмаа: КОВИД-19 халдвар авч, нэн хүнд эмчлэгдэж байсан өвчтөн эмчлүүлээд гарсан. Нас барсан эсэх талаар мэдээлэл алга

Н.Урантулга, iKon.mn
2021 оны 3 сарын 3
iKon.MN
Зураг зураг

ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын үеэр ХӨСҮТ-ийн Халдварын тандалт, судалгааны албаны дарга Ж.Байгалмаа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

- Хөдөө орон нутагт суралцдаг хүүхдүүд орон нутаг руу явахдаа заавал шинжилгээ өгөх ёстой юу?

- Хөдөө орон нутаг руу явах иргэдийн зорчих хөдөлгөөнийг Шадар сайдын гаргасан түр журмаар зохицуулж байгаа. Тус журамд орон нутаг руу явж байгаа нэг гэр бүлийн гишүүдийн нэг нь заавал шинжилгээ өгсөн байна хэмээн заасан. Үүнд нас заахгүй. Хамт зорчиж байгаа гэр бүлийн гишүүдийн нэг нь заавал шинжилгээ өгсөн байхыг шаардаж байгаа. 

- Эх үүсвэр тодорхойгүй халдварууд илэрсээр байна. Өдөрт батлагдах халдварын тохиолдол тогтвортой буурахгүй байгаа. Энэ нь "Нэг хаалга-Нэг шинжилгээ" үйл ажиллагаа үр дүнгүй болсныг илтгэж байна уу?

- Өнөөдрийн байдлаар илэрсэн 32 тохиолдлын найм нь "Нэг хаалга-Нэг шинжилгээ" ажлын үеэр илэрсэн тохиолдлуудын хавьтал бол 23 нь өмнөх батлагдсан тохиолдлуудын хавьтлаас илэрсэн. Мөн нэг хүний халдвар авсан эх уурхайг тогтоохоор ажиллаж байна. "Нэг хаалга-Нэг шинжилгээ" ажлын үеэр илэрсэн тохиолдлуудын хавьтлуудаас халдвар илрүүлж байгаа учир энэ ажлыг үр дүнгүй болсон гэж үзэхгүй.

- Шинжилгээг төлбөртэй авдаг болсон уу?

- Шинжилгээ төлбөртэй авч байгаа эсэх талаар мэдээллийг тодруулаад дараагийн хурлаар танилцуулъя.

- Шинжилгээний цэгийн бээлий дууссан гэх шалтгаанаар ажил саатсан тохиолдол гарсан байна. Шинжилгээний цэгүүдийн хангамжийн талаар мэдээлэл өгнө үү?

- Хангамжийн талаар мэдээллийг тодруулаад эргэн мэдээлэл өгье.

- Коронавирусийн халдвар аваад, эмчлэгдэж эмнэлгээс гарсан хүн нас барсан гэсэн мэдээлэл байна. Энэ үнэн үү?

- КОВИД-19 халдвар авч, нэн хүнд эмчлэгдэж байсан өвчтөн халдвараа эмчлүүлээд, Улсын нэгдүгээр төв эмнэлэг рүү уушгины хавсарсан эмгэг гэсэн оноштойгоор шилжсэн. Ингээд Нэгдүгээр эмнэлэгт эмчилгээгээ хийлгээд гэртээ гарсан. Гэртээ очоод нас барсан эсэх талаар мэдээлэл бидэнд алга байна.

- Өнөөдрийн байдлаар эрүүл мэндийн салбарын хэчнээн ажилтан халдвар аваад байгаа вэ?

- Эрүүл мэндийн ажилчдын дундах халдварын тохиолдол хоёрдугаар сарын 27-ны өдрийн байдлаар 193 болсон. Эрүүл мэндийн ажилчдын дунд нэлээд идэвхтэй тандалт хийгддэг бөгөөд олон улстай харьцуулахад халдвар харьцангуй бага байгаа. 

ВИДЕО ҮЗЭХ: /2021.03.03/ (Бичлэг харагдахгүй бол ЭНДЭЭС үзэх боломжтой)

https://www.facebook.com/iKonNews/videos/2803090619903665
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.