Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/03-НД НИЙТЛЭГДСЭН

Энэтхэгийн засгийн газар Теслад хамгийн хямд зардлаар үйлдвэрлэл явуулах боломж амлажээ

Р.Түвшин, iKon.mn
2021 оны 3 сарын 3
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын цахилгаан хөдөлгүүрт автомашин үйлдвэрлэгч Тесла компанийг Энэтхэгт үйлдвэрээ байгуулбал Хятадаас ч бага зардалтай ажиллах боломжоор хангахаа тус улсын тээврийн сайд Нитин Гадкари амлажээ.

Саяхан тэрбумтан Илон Маскын байгуулсан Тесла компани Энэтхэг улсад өөрийн салбар компанийг бүртгүүлсэн юм. Эхний ээлжинд тус компани үйлдвэрлэл явуулахгүй, Model 3 загварын автомашинаа импортлон борлуулах зорилготой байгааг эх сурвалжууд мэдээлжээ.

“Хэрвээ Тесла манай улсад үйлдвэрээ байгуулбал дэлхийд хамгийн бага зардалтай, тэр ч байтгугай Хятадад үйлдвэрлэснээс ч бага зардалтай ажиллахад нь бид дэмжлэг үзүүлнэ” гэж Гадкари сайд өчигдөр мэдэгдсэн байна.

Дэлхийд агаарын бохирдлоороо дээгүүрт ордог Энэтхэг улс цахилгаан хөдөлгүүрт автомашины үйлдвэрлэл, нийлүүлэлтийг нэмэгдүүлэх хүчтэй сонирхолтой байгаа.  

Өнгөрсөн онд тус улсын зах зээлд нийт 2.4 сая автомашин борлуулагдсаны дөнгөж 5,000 нь цахилгаан хөдөлгүүртэй байжээ.

Харьцуулбал Теслагийн үйлдвэртэй Хятад улсад өнгөрсөн онд нийт 20 сая автомашин борлуулснаас 1.25 сая нь цахилгаан хөдөлгүүртэй болон бусад шинэ төрлийн хөдөлгүүртэй автомашин байсныг тоо баримт харуулж байна.

Үүнээс гадна 2020 онд Теслагийн нийт дэлхийн зах зээлд борлуулсан автомашины гуравны нэгээс илүү нь Хятадын зах зээлд оногджээ.

 

Эх сурвалж: Reuters