Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/03-НД НИЙТЛЭГДСЭН

Исламын шашны жил тутмын мөргөлд зөвхөн вакцин тариулсан хүмүүсийг оролцуулах болсноо Саудын Араб улс зарлав

Т.Давааням, ikon.mn
2021 оны 3 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Жил бүр Исламын шашны ариун газар Мекка хотод болдог хаж мөргөлд оролцогчдоос коронавирусийн эсрэг вакцин тариулсан баримт шаардах болсноо Саудын Арабын эрх баригчид өчигдөр зарлажээ.

Дэлхийн өнцөг булан бүрт амьдарч байгаа муслимууд амьдралдаа ядаж нэг удаа хаж мөргөлд оролцох үүрэгтэй байдаг. Уг арга хэмжээнд оролцохоор жил бүр хоёр сая орчим муслим хүн Саудын Арабын Мекка хотод цугларч, таван өдөр үргэлжлэх мөргөлд оролцдог юм.

Хаж мөргөлд оролцсоноор үйлдсэн нүглээ цэвэрлэж, амьдралаа шинээр эхлүүлэх боломж олддог гэж сүсэгтнүүд итгэдэг байна.

Энэ жилийн мөргөл долдугаар сарын 17-ны өдөр эхлэх юм. Өнгөрсөн оны мөргөлд гадаадаас сүсэгтнүүдийг оролцуулалгүй, зөвхөн Саудын Арабын 1,000 орчим иргэнийг оролцуулсан нь коронавирусийн цар тахлаас сэргийлэх зорилготой байжээ.

Саудын Араб улс арванхоёрдугаар сарын 17-ны өдөр хүн амаа вакцинжуулж эхэлсэн ба Moderna, Pfizer, AstraZeneca вакцинуудыг ашиглаж байгаа.

34 сая хүн амтай тус улсад цар тахал эхэлсэн цагаас хойш халдварын 337,700 орчим тохиолдол бүртгэгдэж, 6,500 орчим хүн нас баржээ.

 

Эх сурвалж: Russia Today