Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/03-НД НИЙТЛЭГДСЭН

Тавдугаар сарын сүүлээр Америкийн бүх насанд хүрэгчдийг вакцинжуулах хэмжээний нөөцтэй болохоо Жо Байден амлав

С.Мөнхцэцэг, ikon.mn
2021 оны 3 сарын 3
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден өчигдөр тус улсад хэрэгжиж байгаа вакцинжуулалтын хөтөлбөртэй холбоотой хэд хэдэн чухал мэдэгдлийг хийжээ.

Тэрбээр багш, сурган хүмүүжүүлэгчдийг яаралтай вакцинжуулж, сургуулиудыг нээх даалгаврыг АНУ-ын бүх мужийн удирдлагуудад өгсөн байна.

Гуравдугаар сарын сүүлээр Америкийн бүх багш ажилтнууд ядаж нэг тун вакцин тариулсан байх зорилттой ажиллахыг тэр уриалжээ.

Үүнээс гадна Johnson & Johnson компанийн бүтээсэн коронавирусийн эсрэг вакциныг бөөнөөр үйлдвэрлэхэд тус компанийн гол өрсөлдөгч Merck & Co компани хамтран ажиллахаар болсныг Байден дуулгасан байна. Хоёр компани дэлхийн хоёрдугаар дайны үеэр нэг удаа ингэж хамтарч байсан түүхтэй ажээ.

Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын засгийн газар J&J компанийн нэг тунтай вакцинд яаралтай горимд ашиглах зөвшөөрөл өгсөн юм. Ингэснээр тус улс коронавирусийн цар тахалтай тэмцэх гурван вакцинтай болж байна.

Ингэж вакцины нийлүүлэлтийг нэмэгдүүлснээр тавдугаар сарын сүүлч гэхэд Америкийн бүх насанд хүрсэн хүн амыг дархлаажуулах хэмжээний нөөцтэй болно гэж Байден амлажээ.

Мөн АНУ-ын ерөнхийлөгчийн үүрэгт ажилд орсноосоо хойш 100 хоногийн дотор 100 сая хүнийг вакцинжуулах төлөвлөгөө нь биелэх боломжтой болж байгааг тэр мэдэгдсэн юм.

“Танхимын сургалтыг маш чухалд тооцож, багш, сурган хүмүүжүүлэгчдийг нэн даруй вакцинжуулцгаая” гэж Жо Байден өчигдөр Цагаан ордонд хийсэн мэдэгдлийнхээ үеэр уриалсан байна.

 

Эх сурвалж: Reuters