Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/03-НД НИЙТЛЭГДСЭН

Дэлхий дахинд хэрэгжихээр төлөвлөгдсөн бүх нүүрсний төслүүдээ цуцлахыг НҮБ-ын тэргүүн уриаллаа

С.Мөнхцэцэг, ikon.mn
2021 оны 3 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Дэлхий дахинд шинээр хэрэгжихээр төлөвлөгдсөн байгаа бүх нүүрсний төслүүдээ цуцалж, нүүрс шатааж эрчим хүч гаргадаг ”хорт зуршил”-аасаа салахыг НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш өчигдөр уриалжээ.

Эрчим хүчний салбар нүүрснээс ангижрах нь дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах нэг чухал алхам болохыг PPCA (Powering Past Coal Alliance) байгууллагын дээд чуулганы нээлтэнд оролцохдоо тэр хэлсэн байна.

PPCA нь нүүрс шатааж эрчим хүч гаргах явдлыг төгсгөл болгох зорилготой олон улсын байгууллага юм. Уг байгууллагыг 2017 онд Их Британи, Канадын засгийн газрууд санаачлан байгуулж байв. Их Британи улс 2024 он гэхэд нүүрсээр ажилладаг цахилгаан станцуудаа бүрэн халах зорилт тавьжээ.

Өчигдрийн чуулганы үеэр PPCA байгууллага хоёр шинэ гишүүн орныг элсүүлснээ зарласан байна. Тэдгээр нь Унгар, Уругвай улсууд юм. Уг байгууллагын гишүүн орнууд 2030 онд нүүрсээр ажилладаг цахилгаан станцуудаа бүрэн зогсоох, дэлхийн хэмжээнд нүүрсээр эрчим хүч гаргах явдлыг 80 хувиар бууруулах зорилготой ажилладаг.

“Өнөөдөр би бүх улсын засгийн газрууд, хувийн компаниудад гурван шаттай арга хэмжээ авахыг уриалж байна. Нэгдүгээрт, төлөвлөгдсөн байгаа бүх төслүүдээ цуцалж, нүүрсний донтолтоосоо салах. Хоёрдугаарт, олон улсын хэмжээнд нүүрсний цахилгаан станцуудыг санхүүжүүлэхээ зогсоох. Гуравдугаарт, нүүрсний салбарын ажилтнуудыг өөр салбарт шилжүүлэх ажиллагааг эхлүүлэх” гэж Гутерреш чуулганы үеэр ярьжээ.

 

Эх сурвалж: The Guardian