Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/02-НД НИЙТЛЭГДСЭН

Канадын хамгийн том сонин хэвлэгч үйл ажиллагаагаа санхүүжүүлэхийн тулд онлайн казиногийн бизнес эрхлэхээр шийджээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2021 оны 3 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Дэлхий нийтээр онлайн хэрэглээнд шилжиж байгаагаас уламжлалт сонин хэвлэлүүд орлогогүй болж, үйл ажиллагаагаа хэрхэн санхүүжүүлэх арга хайж байна.

Даваа гарагт Канадын хамгийн том сонин хэвлэгч Torstar компани үйл ажиллагаагаа санхүүжүүлэх зорилгоор онлайн казиногийн аппликэйшн гаргахаар болсноо зарлажээ.

 “128 жилийн турш уншигчдын итгэлийг хүлээсэн Torstar компани өвөрмөц давтагдашгүй, хариуцлагатай бооцоот тоглоомын брэндийг бий болгож, Онтарио мужийн эдийн засагт хувь нэмэр оруулахаар шийдлээ” гэж Torstar компанийн гүйцэтгэх захирал Кори Гүүдмэн мэдэгдсэн байна.

Канадын Онтарио мужийн иргэд жил бүр $395 саяыг онлайн бооцоот тоглоомд зарцуулдаг гэсэн тоо бий. Уг хэмжээ жилээс жилд өсөж байгаа ба Torstar энэ зах зээлийн хэсгийг удахгүй гаргах аппликэйшнээрээ эзлэхээр төлөвлөсөн байна.

1892 онд байгуулагдсан Torstar компани дотоодын 70 гаруй сонин хэвлэлийг эзэмшдэг юм.

Тус компанийг өнгөрсөн оны зун NordStar Capital LP компани 60 сая канад доллараар худалдаж авчээ. Шинэ эзэд өнгөрсөн хугацаанд орлогын өөр эх үүсвэртэй болох туршилтуудыг хийсээр байв. Тухайлбал шуудан хүргэлтийн үйлчилгээ эрхэлж үзсэн юм. Харин онлайн казино нь тус компанийн хамгийн амбицтай төсөл болж байна.

Хэдийгээр өөр бизнесийн орлогоор санхүүжих ч сонинуудынх нь нийтлэлийн бодлого алдагдахгүй, сэтгүүлзүйн стандарт хэвээр хадгалагдахыг Torstar-ийн удирдлагууд мэдэгджээ.

 

Эх сурвалж: The Guardian