Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/02-НД НИЙТЛЭГДСЭН

Нигерийн засгийн газар дээрэмчдэд барьцаалагдсан 279 охиныг чөлөөлжээ

Т.Давааням, ikon.mn
2021 оны 3 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Африк тивийн хамгийн олон буюу 200 гаруй сая хүн амтай Нигери улсад ашиг олох зорилгоор хүн барьцаалах гэмт хэрэг тасрахгүй байна.

Тус улсын баруун хойд, төв бүс нутагт үүрлэсэн жихадист зэвсэгт бүлэглэлүүд бизнесмэн, төрийн албан хаагч, энгийн иргэдийг гудамжнаас хулгайлж, барьцааны мөнгө нэхэх гэмт хэрэг үйлддэг. 2016 оны нэгдүгээр сараас 2020 оны гуравдугаар сар хүртэл хугацаанд барьцаалагчдад нийтдээ $11 сая орчмыг төлсөн тухай Лагос хотод төвтэй SB Morgen судалгааны байгууллага өөрийн тооцоон дээр үндэслэн мэдээлжээ.

Нигерийн засгийн газар 2016 онд зэвсэгт хүчнээ дээрх бүс нутгуудад байрлуулж, 2019 онд гол бүлэглэлүүдтэй энхийн гэрээ байгуулсан ч хүн барьцаалах хэрэг үргэлжлэн гарсаар байна.

Өнгөрсөн Баасан гарагт нэг зэвсэгт бүлэглэл баруун хойд Замфара мужийн алслагдсан Жангебе тосгоны сургуулиас 300 орчим эмэгтэй сурагчийг хулгайлсан юм. Өнөөдөр өглөө орон нутгийн захиргаа нийт 279 охиныг дээрэмчдийн барьцаанаас чөлөөлж чадсанаа мэдэгджээ.

Сүүлийн гурван сар хүрэхгүй хугацаанд сургуулийн сурагчдыг барьцаалсан гурав дахь хэрэг гарсан нь энэ юм. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Нигерийн ерөнхийлөгч Мухаммаду Бухариг төрөлх Кацина муждаа зочлох үеэр тус мужийн нэгэн дунд сургуулиас 300 гаруй эрэгтэй сурагчийг дээрэмчид хулгайлсан юм. Хөвгүүдийг сүүлд бүрэн суллаж чадсан байна.

Жихадист зэвсэгт бүлэглэлүүд ямар нэг үзэл суртлын шалтгаанаар биш, зөвхөн мөнгө олох зорилгоор хүүхдүүдийг хулгайлдаг гэдэг.

Сүүлд барьцаалагдсан хүүхдүүдийг чөлөөлөхөд Нигерийн засгийн газар ямар ч барьцааны мөнгө төлөөгүй гэж мэдэгджээ. Гэхдээ ингэх боломж бараг байхгүй, эрх баригчид төлсөн мөнгөө нууж байна гэж олон хүн үзэж байна.

Мөнгө төлөх тусам хүн хулгайлж барьцаалах хэрэг нэмэгдэнэ гэсэн айдас Нигерийн нийгэмд бий болж, эрх баригчдын бодлогыг иргэд шүүмжилж байгаа юм.

Хөрш Нигер, Чад, Камерун улсуудын хил хязгаарыг хамарсан бүс нутагт жихадист бүлэглэлүүд сүүлийн 10 орчим жил үйл ажиллагаа явуулж байгаа. Энэ хугацаанд нийт 30,000 гаруй хүн тэдний гарт амиа алдсан гэсэн тоо бий.

 

Эх сурвалж: The Guardian