Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/02-НД НИЙТЛЭГДСЭН

Хожуу Цэрдийн галавын (-80 сая жил) шавжны авгалдайн ул мөр

ikon.mn
2021 оны 3 сарын 2
iKon.MN

Монгол орны говь нь эртний амьтдын чулуужсан үлдвэрийн өлгий нутаг билээ. Дэлхийд нэн ховор олддог эртний амьтдын олон төрөл зүйлүүдийн чулуужсан үлдвэр, тэдгээрийн явж өнгөрсөн ул мөр бүхий олдворт газрууд өнөөг хүртэл шинээр нээгдэн судлагдсаар байна.

Энэ удаагийн нийтлэлээр Өмнөговь аймгийн Булган сумын нутаг дахь “Төгрөгөн ширээ” хэмээх олдворт газрын зарим сонирхолтой тогтцыг тайлбарлахыг зорив.

 

/Зураг 1. “Төгрөгөн ширээ” олдвор газрын өндөрлөг хэсгийн харагдах байдал. Тус өндөрлөгөөс зүүн зүгт “тулалдаж” буй үлэг гүрвэлийн олдвор олдсон хэмээн тэмдэглэгдсэн байдаг./

Тус олдворт газар нь дэлхийд алдартай махан идэшт Velociraptor, эвэрт үлэг гүрвэл Protoceratops зэрэг олон сонирхолтой үлэг гүрвэлийн төрөл зүйлүүдийн чулуужсан үлдвэрийг агуулдаг. Дэлхийд цорын ганц олдсон, амь дүйн тулалдаж байх үедээ элсэн нурангид дарагдан чулуужиж хадгалагдсан хоёр үлэг гүрвэлийн барьцалдсан олдвор олдсон гэдгээр олон хүмүүс андахгүй.

“Төгрөгөн ширээ” олдворт газар нь 80 орчим сая жилийн хуримтлагдан тогтсон, 30 орчим метрийн зузаантай элсэн чулууны үеллүүдээс тогтдог. Тус олдвор газрын энгэр, бэл хэсэгт 0.5 – 1 см хөндлөн огтлолтой, гадаргууд нь “резба” маягийн хээтэй “боолт (эрэг, шураг)” мэт харагдах, хатуу чулуу ихээр дайралддаг (Зураг 2). Зарим газар эдгээр чулуу нь бөөгнөрөн хавтан хэлбэртэй болсон байна (Зураг 3). Эдгээр хачирхалтай зүйлсийг судлаачид эртний ургамлын үндэс дагуу цугларсан эрдсийн бөөгнөрөл хэмээн тайлбарладаг байв.

 

/Зураг 2. 0.5-3 см хүртэлх хөндлөн зүсэлттэй, “боолт” эсвэл “гоймон” маягийн хэлбэртэй чулуулаг/

Хамгийн сүүлд хийгдсэн палеонтологийн судалгаагаар эдгээр “боолт” эсвэл “гоймон” маягийн зүйлс нь хуурай, элсэрхэг орчинд амьдардаг эртний нэг зүйлийн шавжны авгалдайн гаргасан Entradichnus meniscus (мөрний ангилалзүйн нэршил) хэмээх мөр гэжээ. Энэхүү шавжны авгалдай нь газрын гадаргатай ойр гүнд, эргэн тойрны ургамлын үндсээр хооллон, хэрж явахад нь үлдсэн мөр ажээ.

 

/Зураг 3. “Төгрөгөн ширээ” олдворт газарт түгээмэл дайралддаг, эртний шавжны авгалдайн явж өнгөрсөн ул мөрний бөөгнөрөл/

Эртний амьтдын үлдээсэн ул мөрөнд үндэслэн тухайн шавжны төрөл зүйлийн нэрийг тодорхойлох аргагүй. Орчин цагт энэхүү мөртэй маш төстэй мөрийг бидний мэдэх тэмээлзгэний авгалдай үлдээдэг аж. Эрдэмтдийн үзэж буйгаар энэ төрлийн ул мөрийг үлдээгч шавж нь 200 орчим сая жилийн өмнө буюу Юрын галавт үүсжээ. 

Дэлгэрэнгүй мэдээллийг доорх өгүүллээс авна уу:

Seike, K., Hasegawa, H. and Ichinnorov, N. (2010), Preferred orientation of the trace fossil Entradichnus meniscus in eolian dune strata (Djadokhta Formation) at Tugrikiin Shiree, southern Mongolia and its paleoecological implications. Island Arc, 19: 622-627. https://doi.org/10.1111/j

Fastovsky, D., Badamgarav, D., Ishimoto, H., Watabe, M., & Weishampel, D. (1997). The Paleoenvironments of Tugrikin-Shireh (Gobi Desert, Mongolia) and Aspects of the Taphonomy and Paleoecology of Protoceratops (Dinosauria: Ornithishichia). PALAIOS, 12(1), 59-70. 

 

Нийтлэлийг: З.Бадамхатан

Эх сурвалж: Joinme.mn