Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/02-НД НИЙТЛЭГДСЭН

Франц улсын ерөнхийлөгч асан авлигын хэргээр шоронд хоригдох ял сонслоо

С.Мөнхцэцэг, ikon.mn
2021 оны 3 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр Франц улсын шүүх тус улсын ерөнхийлөгч асан Никола Саркозид авлигын хэргээр гурван жилийн хорих ял оноолоо. Үүнээс хоёр жилийг нь тэнсэн харгалзах ялаар сольсон байна.

Шүүхийн энэ шийдвэр 66 настай Саркозигийн хувьд гэнэтийн, Франц улсын хувьд түүхэн шийдвэр болжээ.

Саркози уг шийдвэрийг давж заалдсанаар нэг жил шоронд хоригдох ялаа гэрийн хориогоор солих боломжтой гэж ажиглагчид үзэж байна.

2007-2012 оны хооронд Франц улсын ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Никола Саркози тус улсын хамгийн баян хүмүүсийн нэг L’Oreal компанийн өв залгамжлагч Лилиан Беттенкуртээс хандив авч, сонгуулийн үйл ажиллагаандаа зарцуулсан гэх хэрэгт шалгагдаж байсан юм.

Тэрбээр энэ хэрэгтэй холбоотой чухал мэдээллийг хариуцсан шүүгч Гилберт Азибертээс гаргуулж авах даалгаврыг өөрийн өмгөөлөгч Терри Херцогт өгч байжээ. Үүний хариуд тэр шүүгчид Монакод өндөр цалинтай албан тушаал амласан нь мөрдлөгийн үеэр ил болсон байна.

Өчигдөр Азиберт, Херцог нарт шүүх адилхан гурав гурван жилийн хорих ял оноожээ.

Саркозигийн хэргийг илрүүлэхдээ Францын мөрдөгчид утасны яриаг нь чагнасан юм байна. Мөрдөгчид 2013 оны есдүгээр сараас Саркози хэнтэй харилцаж буйг хянаж эхэлжээ. Тухайн үед түүнийг 2007 оны сонгуульд ялалт байгуулахдаа Ливийн дарангуйлагч агсан Муаммар Каддафигаас 50 сая еврогийн хандив авсан гэх хэргийг шалгаж байсан юм байна.

Сонирхолтой нь энэ хэргийн мөрөөр шалгах явцдаа мөрдөгчид Саркозиг нууц гар утасны дугаараар Херцогтой харилцдагийг санамсаргүй илрүүлж байжээ.

Никола Саркози нь улс төрийн хууль бус санхүүжилттэй холбоотой хэд хэдэн хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж байв. Тэрбээр 2012 онд дахин сонгогдохоор өрсөлдөхдөө хөрөнгө мөнгө хэтрүүлсэн хэргээр энэ сарын сүүлээр болох өөр нэг шүүх хуралд оролцох юм.

Саркози нь Францын ерөнхийлөгч асан эрхмүүдээс шүүхээр ял сонссон анхны хүн болж байна.

Түүний өмнөх ерөнхийлөгч Жак Ширак улсынхаа нийслэл хотын захирагч байхдаа хуурамч ажлын байр бий болгож ашигласан хэргээр хоёр жилийн тэнсэн харгалзах ял сонссон ч эрүүл мэндийн шалтгаанаар шийтгүүлэлгүй өнгөрсөн юм.

 

Эх сурвалж: The Guardian