2021/04/22
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,849.97₮
B30
УЛААНБААТАР
17°
|
B30
УЛААНБААТАР
11°
|
B30
УЛААНБААТАР
15°
|
05:00
S29
-2°
06:00
S30
-3°
07:00
S32
-2°
08:00
S32
09:00
S32
10:00
S32
11:00
S32
12:00
S32
13:00
S32
12°
14:00
S32
14°
15:00
S32
16°
16:00
S32
17°

Б.Бямбадорж: Худалдааны төв, банк, эмнэлэг, дэлгүүр, үйлчилгээний газруудад долоо хоногт байнгын PCR шинжилгээ авна

ikon.mn
2021 оны 3 сарын 2
iKon.MN
Зураг
Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Нийслэлийн есөн дүүрэгт ажиллаж буй шинжилгээ авах цэгүүдийн талаар Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадоржоос тодрууллаа.

-Өнөөдрийн байдлаар нийслэлд коронавирусийн шинжилгээ авах хэчнээн цэг ажиллаж байна вэ?

-Нийслэлийн есөн дүүрэгт коронавируст /КОВИД-19/ халдварыг илрүүлэх шинжилгээний сорьц цуглуулах байнгын 17 цэг ажиллаж байна. Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэг хүн ам олонтой учраас гурав, гурван шинжилгээний цэг, бусад дүүрэг тус бүрд шинжилгээ авах хоёр цэгийг ажиллуулж байгаа юм. Шинжилгээний сорьцыг шинжлэх лаборатори дүүрэг бүрд ажиллаж байна.

Мөн ХӨСҮТ, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Улсын хоёрдугаар төв эмнэлэг, Зоонозын өвчин судлалын үндэсний төвүүдэд ажиллаж байгаа. Цаашид шинжилгээний цэгүүд байнга ажиллана. Энд нэг зүйл анхааруулж хэлэхэд, иргэд харьяа дүүрэгтээ байрлах сорьц цуглуулах цэгт шинжилгээ өгнө. Тухайлбал, Чингэлтэй дүүргийн иргэн бол Чингэлтэй дүүрэгт байрлах цэгүүддээ шинжилгээ өгөх юм.

Худалдааны төв, банк, эмнэлэг, дэлгүүр, үйлчилгээний газрууд гээд олон хүнтэй харьцдаг ажлын байруудын жагсаалт гаргаад, долоо хоногт байнгын шинжилгээ авдаг товлол гаргаж байна. Тухайн газруудад шинж тэмдэг нь илрэхгүй халдвар байвал илрүүлэх, хоёрдугаарт нийт хүн амын дунд халдварын байдал ямар байна вэ гэдэг тархалтыг тогтоодог олон улсын арга нь ийм байдаг.

-Суурин цэгүүдэд ачаалал үүсэж байна гэсэн иргэдийн гомдол их ирж байна. Шинжилгээний цэгүүдийн тоог нэмэх боломж бий юү?

-Өнгөрсөн долоо хоногт сорьц цуглуулах цэгүүдэд үйлчлүүлсэн иргэдийн тоо дунджаар хоногт 9,000 орчим байсан. Харин гуравдугаар сарын 1-нээс хот хоорондын зорчих хөдөлгөөн нээгдсэнтэй холбогдуулан ачаалал нэмэгдсэн. Өнөөдрийн байдлаар 19,127 хүн шинжилгээнд хамрагдсан байна. Энэ нь өмнөх өдрүүдээс ачаалал хоёр дахин нэмэгдсэн гэсэн үг юм. Ачаалал үүсгэж байгаа голлох шалтгаан нь аж ахуйн нэгжүүдийн захирлууд нь ажилчдаасаа заавал шинжилгээний бичиг шаардах, эсвэл иргэд орон нутаг руу олноор зорчих хүсэлт гаргаж байгаатай холбоотой. Иргэд орон нутаг руу зайлшгүй болон хойшлуулашгүй ажил байвал зорчих шаардлагатай байна.

Учир нь Улаанбаатарын голомтолсон халдвартай бүсээс орон нутгийн эрүүл бүс рүү халдвар зөөх эрсдэл өндөр байгаа юм. Тиймээс нийгмийн хариуцлагаа ухамсарлаад онцын шаардлагагагүй бол Улаанбаатар хотоос гарахгүй байх хэрэгтэй. Үнэхээр зайлшгүй шаардлагатай бол шинжилгээгээ өгөөд зохих бичиг баримтаа бүрдүүлээд явж болно. Цаашид шаардлагатай бол шинжилгээний цэгийн тоог нэмнэ.

-Иргэд дүүргүүдийн шинжилгээний цэгүүд дээр заавал цаг авч үйлчлүүлэх ёстой юу?

-Иргэд заавал цаг авч шинжилгээнд хамрагдах шаардлагатай. Учир нь шинжилгээ хийж буй лабораторийнхоо хүчин чадалтай уялдуулж байгаа юм. Тухайлбал, голомт дагасан хавьтлуудын шинжилгээ, тэдгээрийн давтан шинжилгээ, тусгай үүргийн онгоцоор ирсэн иргэдийн шинжилгээ, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа хүмүүсийн шинжилгээ зэргийг давхардсан тоогоор авахаар лабораториудын ачаалал нэмэгдэж байна. Тэгэхээр иргэд цаг авч үйлчлүүлэх шаардлагатай байгаа юм. Бүртгэл мэдээллээс  харахад хоногт хот хоорондын зорчигч тээврийн 250-300 автобусаар 10 мянга орчим иргэн үйлчлүүлдэг. Иймд бид суурин шинжилгээний цэгийн хүчин чадлыг нэмэгдүүлэхийн тулд eruul.gerege.mn сайтын цаг олголтын товлолыг нэг минут болгон багасгах, мөн шинжилгээний цэгийн урсгалыг гурван шугамаар зэрэг авах боломжийг бүрдүүллээ. Ингэснээр хоногт хийх шинжилгээний тоо гурав дахин нэмэгдэж, 13,440 иргэн сайтад хандаж үйлчлүүлэх болж байгаа юм.

-Байгууллага, хамт олноороо шинжилгээнд хамрагдаж байгаа байдлыг хэрхэн зохицуулж байна вэ?

-Уул уурхайн компаниудын үйл ажиллагааг тасралтгүй явуулах үүднээс  ээлж солигдох үед нь эрүүл мэндийн байгууллагаас нэгдсэн зохион байгуулалттайгаар шинжилгээнүүд хийж байгаа. Ер нь бол аж ахуйн нэгж, байгууллагууд ажилчдаасаа шинжилгээний бичиг шаардах нь зохимжгүй юм. Хэрвээ шаардлагатай бол байгууллага хоорондын хамтын ажиллагааны хүрээнд эрүүл мэндийн байгууллагуудад хандах хэрэгтэй.  

-Иргэд төлбөрөө төлөөд шинжилгээнд хамрагдах боломжтой юу?

-Иргэд төлбөрөө төлөөд шинжилгээгээ өгөх нь нээлттэй. Хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудаас ийм хүсэлт ирсэн, бид боломжийг нь нээж өгч байгаа. Өнөөдрийн байдлаар “Интермэд” эмнэлэг хүсэлтээ өгчихсөн байна.

-“Нэг хаалга-Нэг шинжилгээ” арга хэмжээ хэр үр дүнтэй болсон бэ?

-Дэлхий нийтийг хамарсан “Ковид-19” цар тахлын үед төр, эрүүл мэндийн байгууллага, ард иргэд хамтдаа ажиллах нь хамгийн үр дүнтэй гэдэг нь олон орны туршлагаас харагдаж байна. Бид голомтыг дагасан тандалтын ажлыг зогсолтгүй хийж байгаа. Мөн идэвхтэй тандалт болох “Нэг хаалга-Нэг шинжилгээ” арга хэмжээг Улаанбаатар хотод гурван үе шаттайгаар зохион байгуулсан. Энэ арга хэмжээг үр дүнтэй болсон гэж үзэж байна. Нийт 504 мянга гаруй иргэнийг шинжилгээнд хамруулсан. Гэхдээ иргэд хэт тайвширч болохгүй. Яагаад гэхээр энэ вирус өөрөө асар өндөр халдварлах чадвартай.

-Цаашид иргэд юунд анхаарах нь зүйтэй вэ?

-Иргэд халдвар хамгааллын дэглэмээ хангалттай сайн баримтлахгүй байна. Хоёр цаг тутамд амны хаалтаа солихгүй, хүн хоорондын зайг барихгүй, гараа угаах, халдваргүйтгэхэд ач холбогдол өгөхгүй байна. Энэ нь халдварын эрсдэлийг нэмэгдүүлэх шалтгаан болж байна.

 

 

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

x