Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/02-НД НИЙТЛЭГДСЭН

Жирэмсэн эмэгтэйчүүд COVID-19-ийн эсрэг вакцин хийлгэж болох уу?

ikon.mn
2021 оны 3 сарын 2
iKon.MN
Зураг зураг
Эх сурвалж: HealthDay

Монгол Улс коронавирусийн эсрэг дархлаажуулалтыг хоёрдугаар сарын 23-нд албан ёсоор эхлүүлсэн бөгөөд дөрөв хоногийн байдлаар 4,926 хүнийг хамруулаад байна. Үүнтэй холбоотойгоор Factcheck.mn цар тахлын эсрэг вакцины талаарх мэдээллүүдийг нягтлан хүргэж буй.

Манай улс жирэмсэн эхчүүдэд COVID-19-ийн эсрэг вакцин хийлгэхгүй байх зөвлөмж өгч буй. Тэгвэл АНУ-д жирэмсэн ээжүүд вакцийн хийлгэх үү, болих уу гэдэг сонголтын өмнө мөн тулгарчээ. 

Олон нийтийн сүлжээгээр вакцин хийлгэсэн жирэмсэн эхчүүд үр зулбах, эсвэл үргүйдэж байгаа гэх зэрэг ташаа мэдээллүүд нь эцэг, эхчүүдийг айдаст автуулаад буй. 

Тиймээс энэ удаа баримтыг нягтлагч хараат бус сэтгүүлчдийн талбар болох Poynter Institue-ийн эрхэлдэг politifact.com сайтын нягталсан мэдээллийг хүргэж байна. 



PolitiFact(Factchecking center) нарийвчлан судалсны дүнд жирэмсэн эмэгтэйчүүдийн анхаарах шаардлагатай хоёр чухал зүйлийг онцлов.  

  1. Жирэмслэлт нь COVID-19-ийн халдвар авах эрсдэлийг нэмэгдүүлдэг тул хүүхэд тээж буй эхчүүд хэн хүнээс илүү өөрийгөө хамгаалах шаардлагатайг нотолж байна
  2. АНУ-д зөвшөөрөөд байгаа вакцинуудын жирэмсэн эхчүүдэд үзүүлэх нөлөөллийг нарийвчлан туршиж судлаагүй байна. Хэдийгээр эрдэмтэд вакциныг аюулгүй хэмээн хэлж байгаа ч энэ нь хараахан баттай болоогүй байна. Үүний тулд вакцинд хамрагдсан ээжүүдийг тогтмол хянах зайлшгүй шаардлагатай.

Ямартай ч улсын хэмжээнд хянаж судлах ажиллагаанд оролцож буй 20 мянган жирэмсэн эмэгтэйгээс одоогоор ямар нэгэн гаж нөлөө илрээгүй байгааг АНУ-ын Эрүүл мэндийн үндэсний хүрээлэнгийн Халдварт өвчин судлалын дарга Энтони Фаучи мэдээлсэн байна. Гэвч лавшруулан судлах шаардлагатай, мэдэхгүй олон зүйн байгааг дурджээ. Түүнчлэн шинжээчид COVID-19-ийн вакцины сөрөг талыг няцаах, жирэмсэн эхчүүдэд нөлөөгүй гэсэн бүрэн гүйцэд баталгааг хараахан олоогүй байна.  

Жирэмсэн эхчүүдэд зөвлөх нь 

АНУ-ын Халдварт өвчний хянаж, сэргийлэх төв(CDC) болон Эх барих, эмэгтэйчүүдийн эмч нарын нийгэмлэг, Эх, ургийн анагаах ухааны нийгэмлэг зэрэг нөхөн үржихүйтэй холбоотой хэд хэдэн байгууллага тус улсад албан ёсоор зөвшөөрөөд байгаа mRNA-д суурилсан хоёр вакциныг жирэмсэн болон хөхүүл ээжүүдэд санал болгох боломжтой гэж үзэж буй. 

Жирэмсэн болон жирэмслэхээр төлөвлөж буй ээжүүд эмчтэйгээ зөвлөсний үндсэн дээр вакцин хийлгэхийг эдгээр байгууллага зөвлөж байна.

Болгоомжлох бусад зүйл  

Жирэмсэн эмэгтэйчүүд mRNA-д суурилсан вакцин тариулах ашиг тус нь вакцины эрсдэлээс ач холбогдлоор илүү биш л бол тариулахгүй байхыг ДЭМБ зөвлөж буй. Тиймээс энэ шийдвэрийг гаргахын тулд мөн л эмчтэйгээ зөвлөхийг анхааруулсан байна.

Их Британийн улс л гэхэд олон мэдээлэл тодорхой болж судлагдтал жирэмсэн ээжүүдийг mRNA-д суурилсан вакцин хийлгэх хэрэггүй хэмээн зөвлөсөн. 

Халдвар авах өндөр эрсдэлтэй буюу эмнэлгийн байгууллагад ажилладаг болон архаг өвчтэй жирэмсэн ээжүүдийг эрсдэлтэй бүлэгт хамааруулж байна. Ийм хүмүүс вакцин хийлгэх нь ашиг тустай болохыг албаны хүмүүс онцолсон бөгөөд мөн л эмчтэйгээ эхлээд зөвлөхийг сануулжээ. 

Яагаад ийнхүү зөрчилдсөн зөвлөгөөнүүд өгч байна вэ гэвэл COVID-19-ийн эсрэг вакцины клинкийн туршилтад жирэмсэн эмэгтэйчүүдийг хамруулаагүй ба тэдэнд аюулгүй гэж хэлэх дата эрдэмтдэд хангалттай цуглаагүй байгаа юм.
Чикагогийн их сургуулийн Анагаах ухааны төвийн Эх барих, эмэгтэйчүүдийн тэнхимийн дэд профессор, доктор Аббе Кордик вакцин цоо шинэ учраас судалгааны дата бага байгааг хэлжээ. Тэрбээр “Вакцины үйлчлэлд үндэслэн хэлэхэд эх болон урагт эрсдэл үүсгэнэ гэсэн нотолгоо алга” гэв.

Жирэмсэн эмэгтэйчүүдийн хувьд коронавирусийн халдварын эрсдэлийг бууруулах хамгийн чухал арга бол амны хаалт зүүж, гараа угааж, зай барин олон нийтийн хөл хөдөлгөөнөөс аль болох хол байх гэдгийг Харвардын их сургуулийн Чэн Зэншигийн нэрэмжит Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн Байгаль орчин, нөхөн үржихүйн эрүүл мэнд, эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн тэнхимийн дэд профессор, доктор Шрути Махалингаяа хэлсэн. 

Жирэмсэн эмэгтэйчүүд COVID-19-өөр халдварлавал өвчин хүндрэх эрсдэлтэй 

Жирэмсэн эмэгтэйчүүдэд COVID-19 нь хүндрэх эрсдэл өндөр байгаа. 

Халдваргүй жирэмсэн эхчүүдтэй харьцуулахад COVID-19-ийн халдвартэй жирэмсэн эмэгтэйчүүдэд тав дахин илүү эрчимт эмчилгээ хийж, амьсгалын аппарат шаарджээ. Халдвар авсан жирэмсэн эмэгтэйчүүд COVID-19-өөр нас барах магадлал өндөр байгаа бөгөөд хууч өвчтэй хүмүүст бүр ч эрсдэлтэй байна. 

Жирэмсэн эмэгтэйчүүд COVID-19-өөр халдварлагдсан тохиолдолд дутуу төрөх, кесар хагалгаагаар төрөх, даралт ихсэх, зарим(тархи, зүрх, бөөр) эрхтний цочмог гэмтэл, төрсний дараах цус алдалт гэх мэт төрөхийн хүндрэл үүсэх эрсдэлийг нэмэгдүүлдэг болохыг АНУ-ын Эрүүл мэндийн үндэсний хүрээлэнгийн хамгийн сүүлийн үеийн судалгаанаас харж болно.

2020 оны 4-11 дүгээр сард хүүхэд төрүүлсэн 406,000 эмэгтэйн дунд хийсэн судалгаагаар COVID-19-ийн халдвартай ээжүүдэд дутуу төрөлт, жирэмсний хожуу үеийн хордлого, судасны доторх бөглөрөлт эмгэг(тромбоз), нас баралт гэх мэтчилэн хүндрэлийн түвшин халдваргүй ээжүүдээс хамаагүй өндөр байгааг АНУ-ын Анагаах ухааны холбооноос эрхлэн гаргадаг JAMA Internal Medicine сэтгүүлийн 2021 оны нэгдүгээр сарын дугаарт хэвлэгдсэн өгүүлэлд тэмдэглэжээ

Жирэмсэн эмэгтэйчүүд ба вакцин 

Эх, урагт тохиолдож болзошгүй гаж нөлөөг судлаачид тооцож үзэх шаардлагатай ч жирэмсэн эмэгтэйчүүдийг вакцины эмнэлзүйн туршилтад оруулах нь эрсдэлтэй. 

Амьд вирус агуулсан вакцин тариулахыг жирэмсэн эмэгтэйчүүдэд зөвлөдөггүй. Гэхдээ томуу, сахуу, татран, хатгалгааны эсрэг бусад вакцин нь дөнгөж төрсөн нярайг сахуу татран, хөхүүл ханиаднаас хамгаалдаг. 

Амьд вирус агуулаагүй, вирусийн гадаргуу дээрх уургийн генийн мэдээллийн хэсгийг агуулсан messenger RNA хэмээх шинэ технологид суурилан бүтээсэн Pfizer болон Moderna вакцинууд нь вирусийн гадаргуу дээрх уургийн мэдээллийг эсүүдэд өгөх замаар COVID-19-ийг дархлааны системд эсэргүүцэх механизмыг үүсгэдэг. Тиймээс энэ төрлийн вакцин халдвар авах шалтгаан болохгүй. 

Дьюкийн их сургуулийн эрдэм шинжилгээний дэд ерөнхийлөгч, Америкийн эх барих эмэгтэйчүүдийн эмч нарын нийгэмлэгийн хамтран байгуулсан COVID-19 ба дархлаажуулалтын талаарх шинжээчдийн багийн гишүүн, доктор Грита Свеми хэлэхдээ Johnson & Johnson болон AstraZeneca нь олон 10 жилийн судалгааны дүнд аденовируст суурилж, хос утаслагт ДНХ-г ашиглаж гаргаж авсан байна. Үүнийг өмнө нь Эбола вирусийн эсрэг судалж байсан туршлгалатай ажээ. 

Гэхдээ mRNA-д суурилсан вакцин эх болон нярайд илүү эрсдэлтэй гэсэн шинжлэх ухааны үндэслэл байхгүй гэдгийг тэрбээр мөн дурдсан.

Түүнчлэн вакцинаар үүсгэсэн эсрэг бие нь ихэсийн хоригийг нэвтэрч байгаа нь хүүхэд вирусийг эсэргүүцэх тодорхой хэмжээний дархлаатай болж байгааг илтгэж байгаа юм.

Жирэмсэн эмэгтэйчүүд вакцин тариулах тухай ташаа мэдээлэл

Коронавирусийн эсрэг вакцинжуулалт нь аюултай гэсэн агуулгатай сөрөг мэдээлэл олон нийтийн сүлжээнд эрчимтэй тархаж буй. Тиймээс тухайн хүний өвчний түүхийг мэдэхгүйгээр аливаа үйл явдлын талаар таамаглал дэвшүүлэхгүй байхыг шинжээч, судлаачид анхааруулсаар байна. 

Висконсин мужийн эрүүл мэндийн нэгэн ажилтан 14 долоо хоногтэй жирэмсэн байхдаа вакцин хийлгээд хэд хоногийн дараа зулбасан тухайгаа олон нийтийн сүлжээгээр хуваалцсан. Ингээд хэдхэн цагийн дотор түүний оруулсан постны зураг цахим орчинд тархсан нь хүмүүст коронавирусийн эсрэг вакцины улмаас зулбасан ташаа ойлголтыг өгсөн

Тиймээс үүнтэй адил тохиолдолд нотолгоогүйгээр дүгнэлт хийхгүй байхыг мэргэжилтнүүд анхааруулж байгаа юм.

Жирэмслэлтийн 20-30% нь ямар нэгэн байдлаар амжилтгүй төгсдөг. Үүнээс 90 орчим хувь нь жирэмсэн болсноо мэдэхгүйгээр зулбаад өнгөрдөг бөгөөд шалтгаан нь тухайн эмэгтэйн наслалттай холбоотой.

Өөрөөр хэлбэл, жирэмсэлж буй нас хойшлох тусам энэ эрсдэл улам нэмэгддэг болохыг Грита Свеми хэлэв. Вакцин хийлгэснийхээ дараа үр зулбалт тохиолдсон бол эмнэлгийн тусламж авах хэрэгтэй бөгөөд зулбалтад хүргэсэн шалтгааныг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тогтоох нь зөв юм. 

Түүнээс гадна коронавирусийн эсрэг mRNA вакцин эмэгтэйчүүдийг үргүй болгоно гэх мэт ташаа мэдээллүүд ч гарч байна. Харин үүнийг судлаач, мэргэжилтнүүд няцааж байгаа юм. 

Судалгаа ба ажиглалтын дата

Вакцины хэд хэдэн үйлдвэрлэгчид хээлтэй туршилтын амьтанд гаж нөлөөний судалгаа хийжээ. Тэдгээрийн аль нь ч гаж нөлөөний талаар ямар нэгэн асуудал хөндөөгүй. Гэхдээ энэ нь хүн дээр хийгдээгүй судалгаа тул үр дүнг нь хүнтэй хамаатуулах албагүй.

Вакцин хийлгэсэн жирэмсэн ээжүүдийн талаар  үргэлжилж байгаа бусад судалгааны мэдээллүүдийг үзэхэд санаа амар байж болохуйц байгаа юм. 

Эмнэлзүйн томоохон туршилтаар вакцин хийлгэсэн жирэмсэн эмэгтэйчүүд болон 21-ээс дээш сартай хүүхдүүдийг нь үнэлж, хянана. Түүнчлэн Pfizer вакцин хийлгэсэн 4,000 жирэмсэн эмэгтэйг хамруулсан эмнэл зүйн томоохон судалгаа ойрын хугацаанд хийгдэх нь

Moderna мөн дархлаажуулалтад хамрагдсан жирэмсэн эмэгтэйчүүдийг бүртгэлжүүлэн хянах механизм эхлүүлсэн бөгөөд V-Safe гэх тус аппликэйшнд бүртгүүлсэн эхчүүдийг вакцинд хамрагдсаных нь дараа CDC болон Хүнс, эмийн агентлаг хянах аж. 

Тэгэхээр энэ тухай илүү мэдээлэлтэй болоход хэдэн сар шаардагдана гэсэн үг. Гэсэн хэдий ч судалгаанууд эерэг үр дүнгээр эхэлж байгааг судлаачид мэдээлсээр байна. Ялангуяа, бусад туршилтуудын аюулгүйн талаарх өгөгдөл, вакцины өнөөг хүртэлх ажиглалтын өгөгдлүүдээс харахад нааштай хүлээлттэй байна.