Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/02-НД НИЙТЛЭГДСЭН

Польшийн хилээр их хэмжээний алт, тамхи нэвтрүүлэхийг завдсан Украины дипломатчид баривчлагджээ

Т.Давааням, ikon.mn
2021 оны 3 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Польш улсын хилээр 16 кг алт, олон мянган хайрцаг тамхи, их хэмжээний бэлэн мөнгө нэвтрүүлэхийг завдсан Украин улсын хоёр дипломатч баривчлагджээ.

Тэдний нэг нь Варшав хот дахь Украины элчин сайдын яамны консулын асуудал хариуцсан атташе, нөгөө нь тус яамны жолооч байсан гэнэ. Тэдний зорчиж явсан микро автобусыг Ням гарагт Украины хилийн хамгаалалтынхан саатуулснаар уг хэрэг илэрчээ.

Хэрэгт холбоотой байж болзошгүй баривчлагдсан атташегийн аав болох Варшав дахь элчин сайдын яамны дипломатчийг бас шалгаж эхэлсэн байна.

Украины мөрдөн байцаах товчооноос тэднийг дипломат халдашгүй статусаа ашиглан Европын Холбооны нутаг дэвсгэрт хууль бус бараа нэвтрүүлэхийг завдсан гэх хэрэг үүсгэн шалгаж эхэлснээ Даваа гарагт зарлажээ.

 

Дипломатчдын автомашинаас 16 кг алт илэрснээс гадна $200,000-тай тэнцэх евро, польш злот, америк доллар, нийт $50,000-ын үнэ хүрэх 8,000 хайрцаг тамхи илэрсэн юм байна.

Өчигдөр Украины гадаад хэргийн сайд Дмитро Кулеба хоёр дипломатчийг албан тушаалаас нь огцруулах шийдвэр гаргаснаа зарлажээ.

“Тэдний элчин сайдын яаманд ажиллах хугацаа үүгээр дуусгавар болж байна. Дипломат халдашгүй эрхээ улс орон, хүн ардынхаа төлөө бус, хувийн эд хөрөнгөө арвижуулахад зориулдаг ийм этгээдүүдийг би хэзээ ч хаацайлахгүй” гэж тэр Фэйсбүүк хуудсандаа бичсэн байна.

 

Эх сурвалж: Russia Today