Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/01-НД НИЙТЛЭГДСЭН

Т.Баясгалан: АШУҮИС-ийн резидент эмч нарын цалинг шийдэж өгөх тухай ЭМ-ийн сайдад явуулсан хүсэлтийн хариу ирээгүй

Б.Даваабазар, iKon.mn
2021 оны 3 сарын 1
iKon.MN
Зураг зураг
гэрэл зургийг MPA.mn

Эрүүл мэндийн тухай хуулийн шинэчлэл 2021 оноос хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлснээр резидент эмч нарыг ТҮЭМ-4 ангиллын нэгдүгээр шатлал буюу 703,623 төгрөгөөр цалинжуулахаар болсон билээ. 

Энэ жил манай улсад нэгдсэн мэргэшлийн 1,992 резидент эмч суралцаж байгаагаас 707 нь АШУҮИС-ийн Мэргэжил дээшлүүлэх институтийн харьяа резидент эмч юм. 

Хуулийн хэрэгжилтийн дагуу ЭМЯ-наас Эрүүл мэндийн хөгжлийн төвийн 1,200 резидент эмч нэг, хоёрдугаар сарын цалинг нь олгосон боловч АШУҮИС-ийн Мэргэжил дээшлүүлэх институтийн харьяа 707 резидент эмч одоог хүртэл цалингаа аваагүй байна. 

"Эрүүл мэндийн сайдын багц руу резидентүүдийн цалинг оруулсан ч өнөөдрийг хүртэл АШУҮИС-ийн резидент эмч нартай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй"

Иймд үүсээд буй нөхцөл байдалтай холбоотойгоор сургуулийн зүгээс ямар арга хэмжээ авч буйг АШУҮИС-ийн Мэргэжил дээшлүүлэх институтийн захирал Т.Баясгалангаас тодруулахад "Бидний зүгээс АШУҮИС-ийн резидент эмч нарын цалингийн асуудлыг шийдэж өгөх хүсэлтийг Эрүүл мэндийн сайдад хаяглан нэгдүгээр сарын 4-н, хоёрдугаар сарын 3, 15-н гээд гурван удаа явуулсан. Одоогоор хариу ирээгүй байна.

АШУҮИС өөрийнхөө элсэгчдийнхээ тоогоор 2021 оны их сургуулийнхаа төсөв дээр резидентүүдийн цалин гэсэн төсвийг суулгаж, төсвийн саналаа 2020 оны зургаадугаар сард БШУЯ руу явуулсан. Тус санал нь Сангийн яам болон БШУЯ дээр дэмжигдсэн боловч Төсвийн байнгын хороон дээр резидентийн цалинг бүгдийг нь Эрүүл мэндийн сайдын багцын хүрээнд нэгтгэсэн болохоор оюутнуудын цалин хасагдсан юм байна лээ.

Тухайн үед сургуулийн удирдлагууд энэ асуудлаар хөөцөлдөөд Эрүүл мэндийн сайдын багц руу резидентүүдийн цалинг оруулсан гэж байгаа. Харамсалтай нь өнөөдрийг хүртэл АШУҮИС-ийн резидентүүдтэй хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй буюу цалинг нь олгоогүй гэсэн үг. Бид уг асуудлыг зохистой шийдвэрлэж өгөх хүсэлтийг тавьсан боловч хариу өгөөгүй л байна. Эхний албан бичгийг өгөх үед Засгийн газар солигдоод, хоёр дахь хүсэлтийг өгөх үед шинжилгээ, вакцин гээд ажил ихтэй байсан байх. Гэхдээ одоогийн байдлаар бидэнд хариу өгөөгүй байна" хэмээв. 

Түүнчлэн “Дээд боловсролын хуулиараа төгсөгчдөө мэргэшүүлэх, төгсөгчдийн дараах сургалт эзэмшүүлэх бүрэн эрхтэй. Гэхдээ АШУҮИС өөрсдийн дураар резидентүүдийг сургахгүй байгаа.  Сүүлийн 5-6 жил Эрүүл мэндийн яамны бодлогын хүрээнд элсэгчдийн тоогоо сайдын баталсан квот буюу хяналтын тооны хүрээнд элсүүлж байна. Тухайлбал, 2020 онд Эрүүл мэндийн сайдын баталсан тушаалын дагуу 342 резидент элсүүлсэн.

Эдгээр шинэ элссэн резидентүүд дээр нэмэгдээд хоёр, гуравдугаар курст сурч байгаа резидентүүдтэй нийлээд АШУҮИС-д 707 резидент суралцаж байна. Энэ резидентүүд бүгд цалингаа авах ёстой. Нийт квотоороо 748 хүн суралцах ёстойгоос 41 хүн нь жилийн чөлөө авсан" гэдгийг тэрбээр хэлсэн юм. 

Эрүүл мэндийн тухай хуулийн 47 дугаар зүйлд заасны дагуу 

тус хуулийн 25.4 дэх хэсгийг 2021 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө хэмээн заасан.

25.4 дэх хэсэгт энэ хуулийн 25.3.1-д (резидент эмчид эмчлэх үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг үндсэн мэргэшлийн сургалтын хугацаагаар) заасан резидент эмч нь төгсөлтийн дараах сургалт эрхлэх зөвшөөрөл бүхий төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг болон нэгдсэн эмнэлэгт үндсэн мэргэшлийн сургалтад хамрагдах хугацаандаа хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллана гэж заасан байна.

Тус цалин хөлсний зардлыг 2021 оны улсын төсвөөр баталж, 18 тэрбум төгрөгийг ЭМ-ийн сайдын багцад суулгасан билээ.