Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/01-НД НИЙТЛЭГДСЭН

Мьянмарт өчигдөр 18 жагсагч цагдаа нарт алагдлаа

Т.Давааням, ikon.mn
2021 оны 3 сарын 1
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр буюу Ням гарагт Мьянмар даяар цэргийн дэглэмийг эсэргүүцсэн иргэдийн жагсаал цуглаан болох үеэр цагдаа нар гал нээсний улмаас хамгийн цөөндөө 18 хүн алагдсан тухай мэдээлжээ.

Энэ өдөр хоёрдугаар сарын 1-нд цэргийнхэн төрийн эрхийг булааж авснаас хойших хамгийн их цус асгаруулсан өдөр байв. Эхэн үедээ цэргийн дэглэм жагсагчидтай зөөлөн харьцаж байсан бол сүүлийн үед нөхцөл байдал улам хүндэрч байна. “Үймээн дэгдээгчдийн эсрэг хатуу арга хэмжээ авах нь гарцаагүй боллоо. Арми анархистуудыг тэвчиж чадахгүй” гэж Мьянмарын төв хэвлэлд мэдээлжээ.

“Найдвартай эх сурвалжаас авсан мэдээллээр цагдаа, цэргийнхэн тайван жагсагчдын эсрэг галт зэвсэг хэрэглэснээс хамгийн цөөндөө 18 иргэн алагдаж, 30 гаруй хүн шархдаад байна” гэж НҮБ-ын Хүний Эрхийн Байгууллага мэдэгдсэн байна.

Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Мьянмарын парламентын сонгуульд Ардчиллын Төлөө Үндэсний Лиг нам үнэмлэхүй ялалт байгуулсан ч тус улсын зэвсэгт хүчнийхэн үүнийг хүлээн зөвшөөрөөгүй юм.

Хоёрдугаар сарын 1-ний үүрээр цэргийнхэн Мьянмарын ерөнхийлөгч Вин Мьин, төрийн зөвлөх Аун Сан Сү Чи тэргүүтэй улс төрчдийг баривчилж, төрийн эрхийг булаасан байна.

Мьянмар улс 50 орчим жил цэргийн дэглэмийн захиргаанд байгаад 2010 оноос эхлэн ардчилсан системд алгуур шилжиж эхэлсэн юм. Гэвч Мьянмарын энгийн иргэд дахин цэргийн дэглэмд шилжихийг эрс эсэргүүцэж байна.

НҮБ болон Өрнөдийн орнууд Мьянмарт өрнөж буй үйл явдалд харамсаж байгаагаа илэрхийлж, төрийн эрхийг иргэний засгийн газарт шилжүүлэхийг цэргийн дэглэмд уриалж байгаа ч үр дүнд хүрэхгүй байна. Зарим улсын засгийн газар армийн гол хүмүүсийн эсрэг эдийн засгийн хориг зарласан юм.

Цэргийнхэн Мьянмарт шинэ сонгууль зохион байгуулж, ялсан улс төрийн хүчинд эрх мэдлийг шилжүүлэхээ амласан ч одоогоор ямар нэг хугацаа зарлаагүй байна.

 

Эх сурвалж: Reuters