Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/01-НД НИЙТЛЭГДСЭН

Орон нутгийн сургууль, цэцэрлэгүүд өнөөдрөөс эхлэн танхимаар хичээллэнэ

Б.Бадамгарав, IKon.mn
2021 оны 3 сарын 1
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр өнөөдрөөс орон нутгийн цэцэрлэг, сургуулийн сурагчид танхимаар хичээллэж эхэлж байна. 

Тодруулбал, аймаг, сумдын 770 цэцэрлэгийн 132 мянган хүүхэд, 558 ерөнхий боловсролын сургуулийн 350 орчим мянган хүүхэд танхимын хичээлдээ хамрагдана.

Ерөнхий боловсролын сургуульд танхимын сургалтын эхний нэг сарын хугацаанд агуулгын хоцрогдлыг арилгах давтлага хичээлүүд орох юм. Хэрэв орон нутгаас нийслэлд ирж гацсан сурагчид байвал хот хоорондын хөдөлгөөн нээгдсэний дараагаар аюулгүй байдлаа ханган нутагтаа очсоны дараагаар танхимын хичээлдээ хамрагдах боломжтойг БШУЯ-ны Бага, дунд боловсролын хэлтсийн дарга Т.Ням-Очир өмнө нь хэлж байв. 

Түүнчлэн орон нутагт танхимын хичээлийг эхлүүлэхдээ халдвар хамгааллын дэглэмийг сайтар баримтлах шаардлагатай бөгөөд нэг ангид суух сурагчдын тоог 20 дээр нэмэх, хасах 5 байхаар түр журам зохицуулжээ.

Харин нийслэл хотод идэвхтэй голомтууд байсаар байгаа тул танхимын хичээлийг эхлүүлэх хугацааг нөхцөл байдалтай уялдуулан товлох юм.

Улаанбаатар хотод бүртгэгдсэн кластер өвчлөлийн голомтуудад өчигдрийн байдлаар нийт 2,062 тохиолдол батлагдаад байна. Цар тахлын халдварын улмаас танхимын хичээлийг зайн хэлбэрт шилжүүлснээр нийслэлийн сурагчид энэ хичээлийн жилд агуулгын алдагдал 22 хувьд хүрээд байгааг нийслэлийн Боловсролын газраас танилцуулсан.