Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/02/28-НД НИЙТЛЭГДСЭН

Тулаанд сургасан тахиа эзнийхээ амийг хөнөөсөн хэрэг Энэтхэгт гарчээ

Т.Давааням, ikon.mn
2021 оны 2 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Энэтхэгт тусгай сургасан азарган тахиануудыг бооцоотой тулалдуулдаг хууль бус тэмцээнүүд зохион байгуулагддаг.

Ингэхдээ эдгээр тахианы сарвуунд хурц хутга бэхэлж, тулалдах чадварыг нь нэмэгдүүлдэг байна. Гэтэл саяхан ингэж сургасан нэг тахиа эзнийхээ амийг бүрэлгэсэн харамсалтай хэрэг гарчээ.

Энэ долоо хоногийн эхээр Энэтхэгийн өмнөд бүсийн Телангана мужийн Каримнагар дүүргийн иргэн эрэгтэй сургасан тахианыхаа хойноос хөөж байгаад цавьныхаа гол судсыг зүсүүлсэн байна.

Их хэмжээний цус алдсан эрэгтэй эмнэлгийн тусламж авч амжилгүй нас баржээ.

Эзнийхээ аминд хүрсэн тахиаг орон нутгийн цагдаагийн газарт хэсэг байлгасны дараа ферм рүү илгээсэн байна. Хохирогч нь тосгондоо тахианы тулаан хууль бусаар зохион байгуулдаг 16 хүний нэг байсныг шалгаж тогтоожээ.

Бусад 15 хүнийг эрэн сурвалжилж эхэлсэн байна. Тэднийг хууль бус бооцоот тэмцээн зохион байгуулснаас гадна хүн амины хэрэгт холбогдуулан шалгах ажээ.

Азарган тахианы тулааныг хуулиар хориглодог ч Энэтхэгийн Телангана, Андра Прадеш, Карнатака, Одиша зэрэг мужуудын хөдөө орон нутагт зохион байгуулагдах явдал түгээмэл байдаг гэнэ.

 

Тахианы сарвуунд 7.5 см урт хутга бэхэлсэн байдаг ба үзэгчид нь аль нэг тулаанч тахианд бооцоогоо тавьдаг байна. Амьтны эрхийг хамгаалагчид ийм арга хэмжээний эсрэг идэвхтэй тэмцдэг ч жил бүр олон мянган тулаанч тахиа тэмцээний үеэр үрэгддэг гэсэн тоо бий.

 

Эх сурвалж: AFP