Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/02/28-НД НИЙТЛЭГДСЭН

BTS хамтлагийг коронавирустэй зүйрлэсэн Германы радиогийн хөтлөгч уучлалт гуйжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2021 оны 2 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Лхагва гарагт болсон шууд нэвтрүүлгийн үеэр Германы Bayern3 радио станцын хөтлөгч Маттиас Матушик Өмнөд Солонгосын BTS хамтлагийг коронавирустэй зүйрлэн яриад фэнүүдэд нь хүчтэй шүүмжлүүлсэн юм.

Тэрбээр Coldplay хамтлагийн “Fix You” дууг BTS хамтлаг өөрийн хувилбараар дуулсныг “доромжлол” гэж үзэж байгаагаа илэрхийлээд “үүнийхээ төлөө тэд Умард Солонгост 20 жил амьдарвал таарна” гэж ярьжээ.

Дараа нь Матушик BTS хамтлагийг аюултай вирустэй зүйрлээд үүний эсрэг вакцин удахгүй гарна гэдэгт найдаж байгаагаа хэлсэн юм.

“Ингэж хэлсний төлөө та нар намайг үндсэрхэг үзэлтэн гэж буруутгаж чадахгүй. Би Өмнөд Солонгост үйлдвэрлэсэн машин унадаг. Миний эдэлж байсан машинуудаас хамгийн сайн нь шүү” гэж Матушик сүүлд нь ярьжээ.

Маргааш нь Bayern3 радио станцын захиргаа хөтлөгчийн ярьсан зүйл арьс өнгөөр ялгаварлан гадуурхах агуулгагүй байсан, шоу нэвтрүүлгийн хэв маяг нь угаас ийм нээлттэй гэх зэргээр тайлбар хийсэн юм.

Гэвч BTS хамтлагийн фэнүүдийн бухимдлыг зөөлрүүлж чадаагүй байна.

Бямба гарагт хөтлөгч Маттиас Матушик өөрийн биеэр уучлалт гуйжээ. “Би нэлээд удаан бодсоны эцэст өөрийгөө олон хүнийг гомдоох зүйл ярьснаа ойлгож ухаарлаа. Ялангуяа Ази хүмүүсийг гомдоох зүйл ярьснаа ухаарч байна. Би анхнаасаа ийм санаа зорилгогүй байсан” гэж хэлээд уучлалт гуйсан байна.

Коронавирусийн цар тахлын үеэр Ази гаралтай хүмүүсийг ялгаварлан гадуурхах үзэл Америк, Европт нэмэгдсэн юм.

2020 оны гурваас тавдугаар сарын хооронд АНУ-д Ази гаралтай хүмүүст халдсан 1,800 орчим хэрэг бүртгэгдсэнийг НҮБ-ын тайланд мэдээлж байв.

 

Эх сурвалж: BBC