Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/02/27-НД НИЙТЛЭГДСЭН

Канадын тэтгэврийн сангийн захирал вакцин тариулахаар гадаадад аялсныхаа төлөө огцров

С.Мөнхцэцэг, ikon.mn
2021 оны 2 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Канадын хамгийн том тэтгэврийн сангийн тэргүүн хөл хорионы дэглэмийг зөрчиж, коронавирусийн вакцин тариулахаар гадаадад аялсны улмаас өчигдөр албан тушаалаасаа огцорчээ.

“Canada Pension Plan Investment Board” сангийн удирдах зөвлөл гүйцэтгэх захирал Марк Мачиныг огцруулж байгаагаа Баасан гарагт зарласан байна. Тус сан нийт $373 тэрбумын хөрөнгийг удирддаг.

Өмнөх өдөр нь Мачины вакцины аялалтай холбоотой баримт Wall Street Journal сэтгүүлд нийтлэгдсэн юм. 

Гадаадад аялах нь хууль зөрчөөгүй ч Канадын засгийн газрын зарласан хөл хорионы зөвлөмжийг үл тоомсорлож, нийгэмд буруу үлгэр дууриал үзүүлсэн хэмээн Мачиныг буруутгажээ. 

Мөн ихэнх канадчууд коронавирусийн эсрэг вакцинжуулалтад хамрагдах цагаа хүлээж буй энэ үед Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод очиж Pfizer/BioNTech-ийн хоёр тун вакцин тариулсан нь ёс зүйгүй үйлдэлд тооцогджээ.

Канад улс нь олон сая тун вакцин захиалсан ч өнөөдрийн байдлаар хүн амынхаа ердөө 4.5 хувийг л дархлаажуулаад байгаа. Британийн иргэний харьяалалтай Мачин хэрхэн Эмиратын иргэдэд зориулагдсан вакциныг тариулсан нь тодорхойгүй байна.

Тэрбээр энэ сарын эхээр эхний тунгаа хийлгээд хоёр дахь тунгаа хийлгэх хүртэл Дубай хотод саатсан ажээ. Онтарио хотод оршин суудаг 54 настай Мачин өөрийн ээлжийг хүлээвэл ирэх зуны эхээр вакцинжуулалтад хамрагдах байв.

Нэр хүндтэй Goldman Sachs компанид хөрөнгө оруулалтын банкираар ажиллаж байсан Марк Мачин 2016 онд Канадын хамгийн том тэтгэврийн сангийн гүйцэтгэх захирлаар томилогдож байжээ.

 

Эх сурвалж: The Guardian