Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/02/27-НД НИЙТЛЭГДСЭН

Сэтгүүлчийн аллагыг Саудын Арабын ханхүү захиалсан гэж АНУ-ын тагнуулын байгууллага дүгнэснийг анх удаа ил болгожээ

Т.Давааням, ikon.mn
2021 оны 2 сарын 27
iKon.MN
Зураг зураг

2018 онд сэтгүүлч Жамал Хашогги бусдын гарт зэрлэгээр алагдсан хэргийн гол захиалагч нь Саудын Арабын угсаа залгамжлагч ханхүү Мохаммед Бин Салман байсныг АНУ-ын тагнуулын байгууллагын тайланд өгүүлжээ.

Уг тайланг АНУ-ын ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргаа өчигдөр анх удаа нийтэд ил болгосон байна.

Мохаммед Бин Салман нь 2017 онд хаан эцгийнхээ залгамжлагчаар өргөмжлөгдсөн цагаас хойш Саудын Арабын дэфакто удирдагч болсон юм.

Тайланг нийтэд дэлгэсний дараа Байдены засаг захиргаа ханхүүгийн ойрын хүрээний хүмүүст хилийн хориг тавьж, АНУ-ын нутаг дэвсгэрт нэвтрүүлэхийг нь хоригложээ. Гэхдээ ханхүүг өөрийг нь хоригийн гадна үлдээсэн байна.

Саудын Арабын засгийн газар дээрх тайланг үнэнд нийцэхгүй, худал хуурмаг мэдээлэл гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.

Сэтгүүлч Хашогги нь 2018 оны аравдугаар сард Туркийн Истанбул хот дахь Саудын Арабын консулын байранд ороод буцаж гарч ирээгүй юм. Ханхүүгийн илгээсэн алуурчид консулын байран дотор түүний амийг хөнөөж, цогцсыг нь хэсэглэн хувааж, хүчилд уусгасан гэдэг.

Алагдах үедээ 59 настай байсан сэтгүүлч өмнө нь Саудын Арабын засгийн газарт зөвлөхөөр ажиллаж, Саудын хааны гэр бүлийнхэнтэй ойр холбоотой байжээ. Гэвч тэр удалгүй албан тушаалаа алдаж, 2017 онд АНУ руу цагаачилсан юм. Энэ үеэс хойш Хашогги Вашингтон Пост сонинд ханхүү Мохаммедын бодлогыг шүүмжилсэн нийтлэлүүд бичих болсон байна.

“Саудын Арабын угсаа залгамжлагч ханхүү Мохаммед Бин Салман сэтгүүлч Жамал Хашоггийг баривчилж, устгах Истанбулын ажиллагааны төлөвлөгөөг баталсан гэж бид дүгнэж байна” гэж АНУ-ын тагнуулын байгууллагын тайланд бичжээ.

Бүр 2018 онд АНУ-ын Тагнуулын Төв Газар ийм дүгнэлт гаргаад байсан ч Дональд Трампын засаг захиргаа нийтэд ил болгохоос зайлсхийж байв.

Саудын Араб нь дэлхийн хамгийн том газрын тос экспортлогч, Ойрх Дорнод дахь АНУ-ын гол холбоотон юм.

Харин хүний эрхийн асуудалд өмнөх ерөнхийлөгчөөс илүү хатуу ханддаг шинэ ерөнхийлөгч Жо Байден ийнхүү тайланг ил болгожээ.

Албаны эх сурвалжуудын мэдээлснээр Байдены засаг захиргаа Саудын Арабт довтолгооны зориулалттай зэр зэвсэг нийлүүлэх гэрээгээ цуцалж, батлан хамгаалах зориулалтын зэвсэг техникийн нийлүүлэлтийг ч цаашдаа хязгаарлах төлөвтэй байгаа гэнэ.

 

Эх сурвалж: BBC