Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/02/26-НД НИЙТЛЭГДСЭН

“Макс” агаарын хөлөгтэй холбоотойгоор МИАТ компанийн 2020 оны алдагдлын хэмжээ ₮58 тэрбум гэх дүн гарахаар байна

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 2 сарын 26
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

ГХЯ-наас хийсэн өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр “МИАТ” ТӨХК-ийн Коммер эрхэлсэн захирал Я.Өлзийболд сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-МИАТ ХК 2020 онд хэдэн төгрөгийн алдагдалтай ажилласан бэ?

-МИАТ компани цар тахал гарахаас өмнө буюу 2018, 2019 онд ашигтай ажиллаж байсан. Үүгээрээ улсын төсөвт тодорхой хэмжээний хувь нэмрээ оруулж ирсэн.

Харин 2020 оны тухайд нийт алдагдлын хэмжээ 35 тэрбум орчим төгрөг гэж бид үзэж байсан.

Гэвч Монголд ирсэн “Макс” агаарын хөлөгтэй холбоотойгоор МИАТ ХК-ийн 2020 оны алдагдлын хэмжээ 58 тэрбум гэсэн дүн гарахаар байна.

Цар тахлын улмаас өр төлбөрийг дэлхий нийтээрээ зогсоосон байсан ч одоо бүртгэх нөхцөл байдал үүссэн. Тайлан удахгүй эцэслэгдэнэ” гэв.

-"Тулуй" онгоц хэдэн сар ашиглагдсангүй вэ. Яагаад ашиглахгүй байна вэ?

-Уг онгоцны хувьд 2019 оны хоёрдугаар сараас хойш яваагүй. Тухайн үед гарсан ослын улмаас дэлхий нийтээрээ "Боинг" компанийн "Макс" онгоцуудыг нисэхийг хязгаарласан.

Харин зөвхөн АНУ-д хоёр жил орчимд судалсны үндсэн дээр тодорхой шалгуурыг нь хангасан гэх мэдээлэл бий. Манай улсын хувьд ганцхан АНУ зөвшөөрөхөд нисгэнэ гэсэн ойлголт байхгүй. Олон талын асуудал байгаа тул бид л зөвхөн нисгэхгүй байгаа мэт ойлголт нийтэд өгч болохгүй.

-Тийзийн үнийн тариф өнгөрсөн онд хэдэн хувиар нэмэгдсэн бэ?

-Тусгай үүргийн нислэгийн ихэнх нь хоёр талдаа бус зөвхөн нэг талдаа зорчигчтой байсан гэдгийг ойлгох хэрэгтэй.

Мөн тусгай үүргийн нислэгийг хийх үед бусад улсад үйлчилгээ үзүүлж буй газруудын цагийн хуваарь нь өөрчлөгдөж, үнэ тариф нь нэмэгдсэн гээд асар ялгаатай орчинд үйл ажиллагаа явуулж буй.

Ийм ялгаатай нөхцөлийн үнийн тарифыг шууд өссөн гэж хэлэх нь үл ойлголцол бий үүсгэнэ. Энэ бол харьцуулж болохгүй хоёр өөр тоо.

Цар тахлын үед зөвхөн МИАТ л үнээ нэмсэн асуудал байхгүй тул дэлхийн авиа компаниудын үнийн судалгааг та бүхэн харахыг хүсэж байна.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/422358799060248