Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/02/26-НД НИЙТЛЭГДСЭН

Ховд аймагт дизель түлш тээвэрлэж явсан машин жолоодлогогүй болсноос осолдож, 6 тонн түлш асгарчээ

Б.МАНЛАЙ, IKON.MN
2021 оны 2 сарын 26
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Ховд аймгийн Буянт сумын Өгөөмөр багийн “Хөх булангийн гүүр” гэдэг газар шатахуун тээвэрлэж явсан автомашин өчигдөр онхолджээ.

Аймгийн Онцгой байдлын газар энэ тухай дуудлагыг 2021 оны хоёрдугаар сарын 25-ны 07:45 цагт хүлээн авч, Эрэн хайх, аврах ангийн болон цагдаагийн алба хаагчид, мэргэжлийн хяналтын ажилтан зэрэг 45 хүний бүрэлдэхүүнтэйгээр 25 км зам туулан 08:53 цагт очиход Баян-Өлгий аймгаас Говь-Алтай аймгийн чиглэлд явж байсан “Хово” загварын шатахуун тээврийн автомашины жолооны хүрд ажиллагаагүй болсны улмаас онхолдсон байжээ.

Тус машины туслах жолооч иргэнийг Баруун бүсийн оношлогоо, эмчилгээний төвийн Яаралтай тусламжийн төвийн их эмчид хүлээлгэн өгсөн.

Онхолдсон авто машинд 39 тонн дизель түлш ачиж явснаас 33 тонн дизель түлшийг авто машинд шилжүүлэн ачиж, автозамын зорчих хэсэгт асгарсан зургаан тонн дизель түлшийг элс асгаж цэвэрлэжээ.

Сэлэнгэ аймагт шатахуун тээврийн машины чиргүүл замын хажуу руу унаж, 3 тонн дизель түлш асгарав

Түүнчлэн өчигдөр Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Хараа багийн “Хустайн даваа” гэдэг газар шатахуун тээвэрлэж явсан автомашины чиргүүл унасан тухай дуудлагыг 18:12 цагт онцгой байдлын алба хүлээн авчээ.

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Баянгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр ангийн 5 алба хаагч, тус сумын Цагдаагийн хэсгийн 4 алба хаагч, Дархан-Уул аймгийн Нефть хангамжийн салбарын 15 ажилтан, нийт 24 хүн, 5 автомашинтай 19:03 цагт очиход Дархан-Уул аймгаас Сэлэнгэ аймгийн Мандал сумын чиглэлд зорчиж байсан “Хово” загварын шатахуун тээврийн автомашины чиргүүл замын хажуу руу унасан байсан. Тус автомашин нь 4.8 тонн дизель түлш, 4.8 тонн АИ-95 бензин ачиж явснаас 4.8 тонн АИ-95 бензинийг автомашинд шилжүүлэн ачиж, асгарсан 3 тонн дизель түлшийг шороо, давс асгаж цэвэрлэсэн.

Жолооч та бүхэн холын замд зорчихоосоо өмнө тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг сайтар шалгаж, аюулгүй байдлаа хангаж, анхаарал болгоомжтой зорчино уу.

 

Эх сурвалж: ОБЕГ