Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/02/25-НД НИЙТЛЭГДСЭН

Ц.Баатарсайхан: Агаарын тээврийн асуудлыг шийдэж чадвал 2029 он гэхэд манай улс 3.2 сая жуулчин хүлээж авах боломжтой

Б.Бадамгарав, IKon.mn
2021 оны 2 сарын 25
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Аялал жуулчлалын салбарыг хөгжүүлж, Монголд ирэх жуулчдын тоог нэмэгдүүлэхийн тулд хэрхэх нь зүйтэй талаарх байр суурийг хүргэж байна. 

"Аялал жуулчлалтай холбоотой олон асуудал байгаагаас хамгийн чухал асуудал нь агаарын тээвэр"

Таванбогд группийн ерөнхийлөгч Ц.Баатарсайхан "Монгол Улс 2029 он гэхэд 3 сая жуулчин хүлээн авах боломжтой.

Манай хоёр хөрш, Япон, Солонгос, Хонг Конг жилдээ 341 сая жуулчин хүлээн авч байна. Бидэнтэй соёл, ёс заншил адил Өвөрмонгол цар тахлаас өмнөх жилд 197.5 сая жуулчин авч 69 тэрбум ам.долларын орлого олсон. Үүний хоёр сая нь гаднын жуулчин бол үлдсэн нь дотоодынх нь жуулчид байгаа юм. 

Манай улсад аялал жуулчлалтай холбоотой олон асуудал байгаагаас хамгийн чухал асуудал нь агаарын тээвэр. Нийт асуудлын 99.9 хувь нь агаарын тээврээс хамаарч байна.

Монголбанкнаас авсан мэдээллээр 2019 онд Монгол Улсад 0.3 сая жуулчин ирсэн бөгөөд 450 сая ам.долларын орлого олсон. Агаарын тээврээр 1.2 сая хүн зорчсоны тал хувийг МИАТ тээвэрлэсэн. Агаарын тээврийн асуудлыг шийдэж чадвал 2029 онд 7.5 сая хүн тээвэрлэх бөгөөд МИАТ ТӨХК агаарын тээврийн зах зээлд эзлэх хувь 30 болох ч манай улс 3.2 сая жуулчин хүлээж авах боломжтой байна. 

2029 онд аялал жуулчлалаас 4.7 тэрбум ам.доллар болох бөгөөд эдийн засгийн 20 хувь нь энэ салбараас хамаарах боломжтой байна" гэв.

Д.Гантөмөр: Гурван сая жуулчин хүлээж авбал 4.4 тэрбум ам.долларын орлого олох боломж байна

Монголын аялал жуулчлалын холбоо ТББ-ын Ерөнхийлөгч Д.Гантөмөр "Монгол Улс аялал жуулчлалын хүчин чадлыг тогтоохдоо субъектив байдлаар биш дэлхийн жишгийг авч үзэх хэрэгтэй. Нийлүүлэлт талаас газар нутгийн хэмжээ,  жуулчин хоорондын зай, дундаж хоногийн тоо зэрэгт тулгуурлан тооцоолж үзэхэд дундаж багтаамж нь 7.5 сая байна.

Харин эрэлт талаас нь үзвэл ахан дүүсийн зах зээлд 300-400 сая, хүсэмжит аялагчид буюу зорилтот зах зээл бий. Эдгээрээс хамгийн чухал нь нөлөөлөл. Жуулчлалын тоог өсгөхөд Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Тусгай хамгаалалтын газар болон Соёлын яам хамтран ажиллах нь чухал байна.

Монголын аялал жуулчлалыг оновчтой зөв дүгнэх шаардлагатай. Хэрэв гурван сая жуулчин хүлээж авбал 4.4 тэрбум ам.долларын орлого олох боломж байна.

Үүний тулд хилээ нээх хугацаагаа тодорхой зарлах, эдийн засаг болон агаарын тээвэр гэх мэтчилэн дэд бүтцийн асуудлаа шийдвэрлэх хэрэгтэй" хэмээв. 

ВИДЕО:

https://fb.watch/3SYHv5HGWt/