Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/02/25-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Нарангэрэл: Цар тахал дууссан ч бид коронавирусийн эсрэг вакциныг жилдээ нэг удаа хийлгэх шаардлагатай болж магадгүй

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 2 сарын 25
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

ЭМЯ-ны ахлах шинжээч Д.Нарангэрэл коронавирусийн эсрэг вакцинтай холбоотой дэлхий дахины мэдээллээс хүргэв. 

Тэрбээр "Дэлхийн хүний амын вакцин, эмийн хэрэглээний 60-70 хувийг хангадаг улс орнууд коронавирусийн эсрэг вакциныг үйлдвэрлэж байгаа. Дэлхийн сүүлийн 100 жилийн түүхэнд бүтэн жилийн турш үргэлжилсэн ийм цар тахал байгаагүй.

Тиймээс ч маш олон эрдэмтэн ,судлаачид вакциныг хөгжүүлсээр байна. Одоогоор коронавирусийн эсрэг 240 гаруй вакцин хөгжүүлэлтийн шатандаа явж буй. Үүнээс 66 нь үйлдвэрлэлийнхээ хоёрдугаар шатанд байгаа бол 18 нь гуравдугаар шат буюу сүүлийн шатны туршилтаа дуусгасан.

Цаашид цар тахал дуусаж, халдварын тоо багассан ч коронавирусийн эсрэг вакцин бидний жил бүр хийдэг улирлын томуугийн вакцин шиг жилдээ нэг удаа хийлгэх шаардлагатай болж магадгүй гэж эрдэмтэд үзэж байна.

Тухайлбал, 2009 онд дэгдэж эхэлсэн А хүрээний H1N1 томуу нь одоо яг л улирлын томуу шиг болчихсон. Өөрөөр хэлбэл, тухайн үед хүмүүсийн дунд гахайн томуу гэж нэрлэгдэж байсан тархалт өндөртэй халдварт өвчин өдгөө улирлын томуугийн нэг хэлбэр болсон тул жил бүрийн томуугийн вакцинд H1N1-ийн эсрэг найрлага орсон байгаа.

Иймд цар тахлын эсрэг вакцин цаашдаа ч улам хөгжсөөр байх болно" хэмээн ярив. 

 "Вакцин хийлгэсэн хүн халдвар тээх эрсдэл нь багасна. Гэхдээ өөрөө халдвар авна"

Үргэлжлүүлэн "Коронавирусийн эсрэг ихэнх вакциныг 18-аас дээш насны хүмүүст хийж буй. Зөвхөн Pzifer-ийн вакциныг 16-ээс дээш настай хүмүүс хийхийг зөвшөөрсөн. Вакцин хийлгэсэн хүн халдвар тээх эрсдэл нь багасна. Гэхдээ өөрөө халдвар авна.

Учир нь коронавирус агаар дуслын, ахуйн хавьтлын, амьсгалын гэсэн гурван замаар дамжиж буй тул хэдий вакцин хийлгэсэн байсан ч халдвар авч таарна. Гэхдээ дархлал нэгэнт тогтсон бол хөнгөн хэлбэрээр өвдөнө эсвэл огт өвчлөхгүй гэсэн үг.

Вакцин гэдэг нь тухайн вирусийн эсрэг төрөгчийг хүний биед өвчин үүсгэх хэлбэрээр бус өчүүхэн бага тунгаар оруулж байна гэсэн үг. Үүний дараа тухайн хүний бие ямар нэг байдлаар халдвар авахад биед нь эсрэг биет үүссэн байх тул биедээ орж ирсэн вирусийг таньж устгах дархлалын тогтолцооны систем ажиллаж эхэлнэ.

Тиймээс халдвар авах ч бусдад халдвар тараах эрсдэл нь бага. Мэдээж вакциныг бүрэн тунгаар хийлгэж байж дархлаа тогтоно гэдгийг сануулъя.

Иймд манай улс аль болох богино хугацаанд хүн амаа дархлаажуулах зорилттой ажиллаж байна" гэдгийг нэмж хэллээ.

ВИДЕО: 

https://www.facebook.com/iKonNews/videos/268628231266349