Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/02/25-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Барсболд: Аялал жуулчлалын оператор компаниудын 11 мянга гаруй ажилтны 49% нь цомхотголд орсон

Г.Мөрөн, iKon.mn
2021 оны 2 сарын 25
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Аялал жуулчлалын салбар ба Засгийн газрын гишүүдийн хамтарсан уулзалт өнөөдөр боллоо. Энэ үеэр тус салбарт ажиллаж буй байгууллага, холбоодын төлөөлөл байр сууриа илэрхийлж, үүссэн нөхцөл байдлаа танилцуулав.

Монголын ресторан, зоогийн газрын холбооны ерөнхийлөгч М.Есөнмөнх "2019 онд 1.6 их наяд төгрөг буюу 607 сая ам.долларыг Монголдоо оруулж ирсэн. Энэ нь дотоодын нийт бүтээгдэхүүний 7.2 хувийг эзэлнэ. Аялал жуулчлал хөгжсөн орнуудад энэ тоо 30-35 хувь байна. 2019 онд 577 мянган жуулчин ирсэн. 

Харин 2020 онд орлого 65.8 хувиар буурсан. Аялал жуулчлалын салбарт 2,300 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж буй бөгөөд Монгол Улсын нийт ажиллах хүчний 6.7 хувь буюу 88,700 хүн ажиллаж байна" гэв. 

"2020 онд цар тахлын улмаас үйл ажиллагаа 98 хувь хумигдсан"

Монголын аялал жуулчлалын холбооны ТУЗ-ийн гишүүн Б.Барсболд "Улсын хэмжээнд 570 тур оператор компани үйл ажиллагаагаа явуулан, экспортын орлогод 240 сая ам.долларыг 2019 онд оруулсан. Энэ салбарт 11 мянга гаруй хүн ажилладаг байв. Харамсалтай нь 2020 онд цар тахлын улмаас үйл ажиллагаа 98 хувь хумигдан, нийт ажилтны 49 хувь нь цомхотголд орж, үлдсэн хувийнх нь ажлын байр эрсдэлд ороод байгаа. Сэхээнд орсон гэж хэлж болохуйц энэ салбарыг эргэн сэргээхийн тулд арга хэмжээнүүдийг үе шаттай авах хэрэгтэй.

Компаниуд олон бэрхшээлийг дурдаж байгаа ч голлох гурван хүсэлт байна.

  1. Хөнгөлөлттэй зээл олгох
  2. Нийгмийн даатгалын шимтгэл төлөх чадваргүй байгаа тул улсаас үүнийг даах
  3. Санхүүгийн дэмжлэг юм.

Аялал жуулчлалын оператор компаниуд татвар шимтгэл төлөх нь байтугай ажилтнуудынхаа цалинг ч өгөх боломжгүй болсон" гэлээ.

Түүнчлэн тэрбээр зайлшгүй шийдвэрлэх шаардлагатай арга хэмжээнүүдийг нэрлэхдээ

  • Санхүүгийн дэмжлэг олгох
  • Хилээ нээх хугацааг тодорхой болгох - 2019 онд урьдчилан захиалга хийсэн жуулчид байгаа тул хилээ нээх хугацаагаа тодорхой зарлаж, баримтлах журмыг боловсруулж өгвөл хамтрагч байгууллагууд болон ирэхийг хүсэж буй жуулчдадаа үнэн зөв мэдээллээр хангахад чухал ач холбогдолтой.
  • Туризм-Тэрбум ам.доллар - Удаан хугацаанд зах зээлээ тэлэхийн тулд хийх ёстой арга хэмжээ, бодлогоо тодорхойлох хэмээв.

ВИДЕО:

https://fb.watch/3SRfmADroF/