Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/02/25-НД НИЙТЛЭГДСЭН

"Хөвсгөлийн Ханх суманд он гарснаас хойш 34,133 удаагийн газар хөдлөлт болсноос 3.5-аас дээш хүчтэй 176 удаагийнх бүртгэгдээд байна"

Б.Даваабазар, iKon.mn
2021 оны 2 сарын 25
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Хөвсгөлийн Улсын Тусгай Хамгаалалттай Газрын Хамгаалалтын Захиргаа

Хөвсгөл аймгийн Ханх суманд өчигдөр орой 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсныг Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ. 

Тодруулбал, Энэ сарын 24-ний өдрийн 23:34 цагт Хөвсгөл аймгийн Ханх сумын Хороо багийн “Хачим” гэдэг газар / аймгийн төвөөс хойд зүгт 351 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 34 км-т, Ө-51°15’36 У-100°22’12/ 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ШУА-ын Одон орон геофизикийн хүрээлэнгээс 23:59 цагт цахим шуудангаар ирүүлсэн байна. 

Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргаас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн бөгөөд учирсан хохиролгүй гэж мэдээлжээ. 

Хөвсгөл аймгийн Ханх суманд өнгөрсөн нэгдүгээр сарын 12-нд 6.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, Улаанбаатар хотын иргэдэд 4-6 баллаар буюу унтаж байсан иргэд мэдрэгдсэн билээ.

"Хөвсгөл аймгийн Ханх сумын нутагт болсон хүчтэй газар хөдлөлтийн давталт газар хөдлөлтүүд болсоор байна"

Хөвсгөл аймгийн Ханх суманд болж буй газар хөдлөлтийн талаар ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгийн Газар хөдлөл судлалын салбарын эрдэм шинжилгээний ажилтан А.Мөнхсайханаас тодруулахад "2021 оны нэгдүгээр сарын 12-ны 05 цаг 32 минут 56 секундэд (Улаанбаатарын цагаар) Хөвсгөл аймгийн Ханх сумын нутагт болсон хүчтэй (магнитуд 6.5-тай) газар хөдлөлтийн давталт газар хөдлөлтүүд болсоор л байна.

Өчигдөр 23 цаг 34 минут 17 секундэд (Улаанбаатарын цагаар) тус голомтод 3.6 магнитудтай давталт газар хөдлөлт болсон.

Хоёрдугаар сарын 25-ны 08:00 цагийн байдлаар тус бүс нутагт 34,132 удаагийн газар хөдлөлт бүртгэгдсэнээс 3.5 болон түүнээс дээш хүчтэй газар хөдлөлт 175 удаа болоод байна" гэв. 

Мөн дөнгөж сая 10 цаг 32 минут 45 секундэд Ханх суманд 3.6 магниутудын хүчтэй газар хөдлөлт бүртгэгдсэн гэдгийг тэрбээр нэмж хэллээ. 

Ингэснээр энэ сарын 25-ны 11:00 цагийн байдлаар тус бүс нутагт 34,133 удаагийн газар хөдлөлт бүртгэгдсэнээс 3.5 болон түүнээс дээш хүчтэй газар хөдлөлт 176 болж байгаа аж.