Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/02/24-НД НИЙТЛЭГДСЭН

Дорноговь аймгийн Замын-Үүд сум PCR шинжилгээний цогц лабораторитой боллоо

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 2 сарын 24
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Рио Тинто группийн 1.7 тэрбум төгрөгийн буцалтгүй тусламжаар хэрэгжүүлж буй “Оношилгоо, зайн тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх” төслийн хүрээнд олон улсын жишигт нийцүүлэн байгуулж буй 19 төрлийн тоног төхөөрөмж, дагалдах хэрэгслүүдээс бүрдсэн PCR/ПГУ шинжилгээний гурав дахь цогц лабораторийг Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нэгдсэн эмнэлэгт хүлээлгэн өглөө.

"Цар тахлын үед нийт ачаа тээврийг хэвийн үргэлжлүүлэхэд онцгой үүрэг гүйцэтгэж буй жолооч нарыг шинжилгээнд тогтмол хамруулахад энэхүү төсөл цагаа олсон тусламж боллоо"

“Монгол улсын худалдаа, эдийн засгийн гол зангилаа, өмнөд хилийн алтан босго болсон Замын-Үүд боомт болон хил орчмын бүсэд гадаад худалдааны эргэлт тасралтгүй хэвийн явагдах нь цар тахлын энэ цаг үед туйлаас чухал байна. Тиймээс энд ажиллаж амьдардаг иргэд, тэр дундаа цар тахлын үед нийт ачаа тээврийг хэвийн үргэлжлүүлэхэд онцгой үүрэг гүйцэтгэж буй 1,000 гаруй жолоочийг нэн тэргүүнд шинжилгээнд тогтмол хамруулах, Замын-Үүдийн нэгдсэн эмнэлгийн оношилгоо, үйлчилгээний чадавхыг нэмэгдүүлэхэд Рио Тинто болон НҮБ-ын Хүн амын сангийн энэхүү төсөл нь цагаа олсон тусламж болж чадлаа” хэмээн УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан хэллээ.

"Төслийн хүрээнд олгож буй лабораторийн энэхүү төхөөрөмж нь бүх төрлийн халдварт өвчнийг эрт илрүүлэхэд чухал үүрэгтэй"

Монгол дахь НҮБ-ын Хүн амын сангийн Тэргүүн Каори Ишикава “Рио Тинто группийн буцалтгүй тусламжаар НҮБ-ын Хүн амын сан, "Оюу Толгой" ХХК-тай хамтран хэрэгжүүлж буй энэхүү төслийн хүрээнд олгож буй лабораторийн тоног төхөөрөмж нь зөвхөн коронавирусийн шинжилгээнд ашиглагдаад зогсохгүй үүсгэгч нь тодорхойгүй бүх төрлийн вирусийг оношлох чадвартай. Тэр дундаа томуу, томуу төст өвчин, антибиотикт тэсвэртэй сүрьеэ, бэлгийн замын халдварт өвчин, элэгний В, С вирусийн оношилгоо гээд бүх төрлийн халдварт өвчнийг эрт илрүүлэн оношлоход чухал үүрэгтэй" гэв.

"Хүнд хэцүү цаг үед бид бага ч болов тусламж дэмжлэг үзүүлсэндээ туйлын баяртай байна"

 “Оношилгоо, зайн тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх” төслийн хүрээнд дан ганц лабораторийн иж бүрэн тоног төхөөрөмжийг олгоод зогсохгүй, эрүүл мэндийн байгууллагын эмч мэргэжилтнүүдийг сургаж бэлтгэсэн.

Мөн Дорноговь аймгийн Сайншанд хотын нэгдсэн эмнэлгээр дамжуулан хил орчмын таван сумдад зайнаас оношилгоо, эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлэх 20 багцыг гардуулан өглөө. Замын-Үүдэд PCR/ПГУ шинжилгээний цогц лабораторийг хүлээлгэн өгөхөөс өмнө Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний төвд мөн энэхүү цогц лабораторийн тоног төхөөрөмжийг гардуулан өгсөн билээ.

Үүнээс гадна саяхан Улаанбаатар хотод болсон “Нэг хаалга, нэг шинжилгээ” аяны хүрээнд “Улсын нэгдсэн хоёрдугаар эмнэлэгт Рио Тинто группийн буцалтгүй тусламжаар Монгол Улсад оруулж ирээд буй PCR/ПГУ шинжилгээний тоног төхөөрөмжүүдийг ашиглан, эрүүл мэндийн салбар оношилгооны бүхий л хүчин чадлаа дайчлан ажилласан.

Хүнд хэцүү цаг үед бид бага ч болов тусламж дэмжлэг үзүүлсэндээ туйлын баяртай байна” хэмээн Рио Тинто группийн Монгол дахь салбарын Харилцаа, хамтын ажиллагаа эрхэлсэн менежер Б.Даваасүрэн хэлсэн юм.

Мөн хоёрдугаар сарын 26-ны өдөр төслийн багийнхан Өмнөговь аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд дөрөв дэх лабораторийн тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгөхөөр төлөвлөж буй аж.

Төслийн тухай

2020 оны аравдугаар сард Рио Тинто групп 602,000 ам.доллар буюу 1.7 тэрбум төгрөгтэй тэнцэх буцалтгүй тусламжийг Монгол Улсад КОВИД-19-ийн эсрэг хариу арга хэмжээнд зарцуулахаар болсноо зарласан юм.

Энэ хүрээнд “Урьдчилж мэдье, хүрч үйлчилье” уриатай “Оношилгоо, зайн тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх” төслийг Оюу толгой ХХК болон НҮБ-ын Хүн амын сангийн хамт хэрэгжүүлж, PCR/ПГУ шинжилгээний лабораторийн үйл ажиллагааг био аюулгүйн байдлын шаардлагын дагуу зохион байгуулахад ашигладаг 19 нэр төрлийн төхөөрөмж, дагалдах хэрэгслүүд бүхий цогц лабораторийг Улаанбаатар хотод Эх хүүхдийн, эрүүл мэндийн үндэсний төв, Улсын хоёрдугаар төв эмнэлэг, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нэгдсэн эмнэлэг, Өмнөговь аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төв гэсэн дөрвөн газар байгуулж байна.

Олон улсын шаардлагад нийцсэн эдгээр лабораторийг ашиглалтад оруулснаар Монгол улс нийт 38 PCR/ПГУ шинжилгээний лабораторитой болж, өдөрт 42 мянган сорьц шинжлэх хүчин чадалтай болж байгааг Эрүүл Мэндийн Яамнаас мэдээлсэн.

Төслийн хүрээнд Монгол Улсын PCR/ПГУ лабораторийн оношилгооны чадавхыг нэмэгдүүлж буйгаас гадна төслийн хоёр дахь шат буюу анхан шатны эрүүл мэндийн төвүүдэд телемедицин буюу зайн тусламж үйлчилгээг нэвтрүүлж байгаа юм. Бид баг, хороодын анхан шатны эрүүл мэндийн ажилчдыг зайн харилцаа холбооны технологиор дамжуулан иргэдэд хүрч үйлчлэхэд шаардлагатай нийт 86 таблет, 14 зөөврийн компьютер болон бусад шаардлагатай эмнэлгийн хэрэгслүүдээр хангаж байна.

Эдгээрээс Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хорооны нийт 14 өрхийн эмнэлэгт зайнаас тусламж үзүүлэхэд шаардлагатай таблет болон эрүүл мэндийн үзлэгийн багц хэрэгслүүдийг хүлээлгэн өгөөд байгаа юм.