Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/02/24-НД НИЙТЛЭГДСЭН

Хөлдөөсөн эдийн засагт хавар ирэх нь

ikon.mn
2021 оны 2 сарын 24
iKon.MN
Зураг зураг

ЭДИЙН ЗАСАГЧ О.БАТЧУЛУУН 

Байгаль, дэлхий жам ёсоороо урин дулаантай золгож байна. Түүнтэй зэрэгцэн хөл хориогоор хөлдөөсөн эдийн засаг маань ч хавартай учрах нь. Хөл хорио цуцлагдаж, вакцинжуулалт хийснээр бүх зүйл сайхан болохгүйг бид хаа хаанаа л ойлгох хэрэгтэй. Жинхэнэ асуудал энэ үеэс л эхлэхээр байна. Ямар эрсдэл биднийг хүлээж байна вэ?

  1. Өрхийн хэрэглээний бууралт, гутранги хүлээлт

“Бидний тооллоор 2 өдөр гэдэг бол ковидын тооллоор 2 жил” гэж Нобелийн шагналт эдийн засагч Пол Кругман хэлсэн байдаг. Өрх гэр, компаниуд хөл хорионд тэсэж үлдэх нь ямар хүнд байгааг илэрхийлсэн хэрэг. Компанийн хамгийн том худалдан авагч бол өрхүүд байдаг. 2020 онд өрхийн зарлагын өсөлт саарсаар ердөө 0.9 хувиар өсжээ. Өрхүүд эдийн засаг сэргэнэ гэсэн хүлээлт бага байгаа учраас эрсдэлээ бодож, удаан эдэлгээтэй бараа, бүтээгдэхүүн худалдан авахаа түр хойшлуулж эсрэгээрээ хүнсний хэрэглээндээ л анхаарлаа хандуулж байна. Хэдийгээр хүүхдийн 100 мянган төгрөг, НДШ-н хөнгөлөлт зэрэг өрхийн орлогыг дэмжсэн бодлогын хөтөлбөр хэрэгжиж байгаа ч хөл хорион сөрөг нөлөөг давж чадсангүй. Өрхийн хэрэглээг дэмжих бодлого 2021 оны 7-р сард дуусна. Энэ үед компаниудын хамгийн том худалдан авагч болох өрхүүдийн нөхцөл байдал улам бүр л хүндэрнэ гэсэн үг.

Өрхийн нийт зарлагын өсөлт, хувиар

 

Эх сурвалж: ҮСХ

  1. Төсвийн алдагдал ба өрийн асуудал

2009 оны хямралын дараагаар хөгжиж буй орнуудын эрх баригчид гаднаас их хэмжээгээр зээл авч эхэлсэн. Манайхан ч трендээс яаж дутхав. Бүр баялгаа барьцаанд тавьж байгаад хаадынхаа нэртэй төрөл бүрийн л бонд гаргав. Энгийнээр бол Монголчууд жил ус ч уухгүй, хоол ч идэхгүй, хувцас ч хэрэглэхгүй амьдарч байж хэмээн 8 тэрбум ам.долларын өрийг төлж дуусна гэсэн үг.

Ирэх жилээс эхлээд төсвийн орлогын 20 хувь, цаашлаад 30 хувь гэх мэтээр гадаад бондын төлбөрөө төлөх шаардлагатай. Одоогийн төсөвт хялайлгах ч мөнгө байхгүй. Цар тахалд нэрвэгдээд 4.5 их наяд төгрөгийн алдагдалтай тууж явна. Бидэнд өрөө яаж төлөх бодлого тодорхойгүй, түүнийхээ төлөө бодсон зүйл ч байхгүй байна.

Төсвийн алдагдал, тэрбум төгрөгөөр

 

Эх сурвалж: ҮСХ

  1. Ерөнхийлөгчийн сонгууль буюу улс төрийн эрсдэл

Бид их олон мөчлөгт амьдардаг ард түмэн. Дөрвөн улирал бүхий байгалын мөчлөг, 4 жилийн хугацаатай сонгуулийн мөчлөг, 5 жилийн хугацаатай түүхий эдийн мөчлөг, за тэгээд хүндрэхээрээ тусламж гуйдаг 4.5 жилийн хугацаатай ОУВС-н хөтөлбөрийн мөчлөг гэх зэргээр цуварч өгнө. Ялангуяа сонгуулийн мөчлөгийн сөрөг нөлөөгөөр төсвийн зардал огцом тэлэх, ханш унах, зээлийн хүү өсөх гэх мэт сөрөг үр дагавар их байдаг. Харин цар тахлын хүнд үед сонгууль болох гэж байгаа нь бодлого, хөтөлбөрийн оновчгүй байдлыг улам л нэмэгдүүлэх эрсдэлтэй байна.

  1.  Мөнгө хэвлэлт ба ханшийн уналт

Бид байлдан дагуулалтын үедээ дэлхийн төв болж байв. Харин дараагаар нь бид мартагдсан. Тиймдээ ч 1930 оны их хямрал, 1970-80 оны газрын тосны хямрал, 1998 оны Азийн хямралыг бид бараг мэдээ ч үгүй. 2000 он гартал дэлхийд бид мартагдсан хэвээр байсан. Харин 2000 он гарсаар дэлхий дахинд ур ухаанаар бус ухсан баялгаараа дахин танигдав. Эдүгээ зэс, нүүрс, алт гэх мэт түүхий эдүүд экспортын 80 хувийг бүрдүүлж байна. Харин бид олсон жаахан ногооноо машин, цахилгаан бараа, утсанд туугаад тавьчихна.

Шинэ Засгийн газар 3 жилийн хугацаатай, 10 их наяд төгрөгийн хөтөлбөр хэрэгжүүлэхээ саяхан зарласан. Гэтэл мөн хугацаанд төгрөгөөр олсон орлогоороо долларын зээлээ ч төлөх дарамт байсаар байдаг. Хар ухаанаар бодоод үзэхэд жинлүүрийн нэг талд байгаа төгрөгийн тоо хэмжээ нэмэгдэх тусам ам.долларын эсрэг төгрөгийн ханш унахаас аргагүй. Одоо тэгээд Сангийн яам, Монголбанк нь гагцхүү ханшаа унагахгүй гэсэн итгэл, үнэмшилтэй учраас иймэрхүү арга хэмжээ авч байгаа гэж найдах л үлдлээ.

Ам. долларын ханш

 

Эх сурвалж: Монголбанк

  1. Мега төсөл ба Гадаадын шууд хөрөнгө оруулалт

Буцах бэрд үнээ, тугал нийлэх хамаагүй гэдэг. Хөрөнгө оруулагчид мөнгөө оруулна, гэхдээ ашгаа олоод эргээд гарна. Тиймээс тал талдаа харилцан үр ашигтай гэрээг байгуулах ёстой. Цаашид ОТ-н далд уурхайн гэрээ хэрхэн дахин шинэчлэхээс шалтгаалж, манай улсын гадаад дүр төрх шууд тодорхойлогдоно. 2020 онд гадаадын шууд хөрөнгө оруулалт 19 хувиар унаж, 1.6 тэрбум ам.долларт хүрэв. Тус хөрөнгө оруулалтын 80 орчим хувь нь уул уурхайд чиглэсэн хөрөнгө оруулалт байгаа юм. Тухайлбал, Оюутолгой л гэхэд дангаараа 1-1.3 тэрбум ам.долларыг далд уурхайн бүтээн байгуулалттай холбоотой оруулж ирдэг. Цаашид мега төсөлтэй холбоотой ГШХО /Гадаадын шууд хөрөнгө оруулалт/ орж ирж, улмаар ханш тогтворжих учиртай.

ГШХО, сая ам. дол

 

Эх сурвалж: Монголбанк