Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/02/23-НД НИЙТЛЭГДСЭН

AMAZON-ны ⭐️⭐️⭐️⭐️⭐️ ба номыг хэрхэн системчлэгдсэн БИЗНЕС болгох вэ?

ikon.mn
2021 оны 2 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Энэ удаагийн зочноор жилийн өмнө Англид нээлтээ хийж, дэлхийн хамгийн том онлайн борлуулалтын сүлжээ болох Amazon-оор амжилттай борлогдож буй “Монгол орны шувууд” номын зохиогч, биологич Доржлхагватай ярилцлаа.

-Сайн байна уу, танд энэ өдрийн мэндийг хүргэе! юуны өмнө өөрийгөө танилцуулаач, яагаад биологийн шинжлэх ухааныг сонгосноо хуваалцвал:

Энд ярилцах боломж олгож байгаа та бүхэнд гүнээ талархаж байна. Намайг Ганболдын Доржлхагва гэдэг Хэнтий аймгийн Хэрлэн сумын харяат. Хүүхэд нас маань Хэрлэнгийн дэрст хөндий, Хаялга гэдэг газарт, язгуурын Монгол аж ахуй дунд өнгөрсөн. Ер нь Монгол орны цаг агаарын эрс тэс уур амьсгал, нүүдлийн соёл иргэншил биднийг эх дэлхийтэй илүү ойртох боломж олгодог. Өвөөтэйгөө адуугаа услахаар Хэрлэний эрэг рүү явахад төрөл бүрийн шувууд тааран өвөөгөөсөө асууж, лавлан уламжлалт нэр нэршлийг тоготоож авдаг байлаа. Эмэг эхээ даган аргал хормойлохоор явахад тэр хавийн бүх шувууны үүрний байршлыг мэддэг, мөн шувууны өндөг, ангаахайд сүүдрээ бүү тусгаарай гэж захидаг сан.  Хотын хүүхдүүд шиг гоё тоглоом үгүй болохоор хойд хонхрын шалбааганд шанаган хорхой шүүх, царцаа хөөж барих, голионд дэрсээр хийсэн үхэр тэрэг хөллөх, ямаан хорхой, жийгэнийг барьж аваад хооронд нь боксдуулах, тагтаа, болжмор шувуу барих, шанд ухаад гарсан хар шавраар амьтны баримал дууриалган хийж зууханд шатаан дараа нь будгаар будан тоглоом хийх гэх мэтээр л өдрийг өнгөрөөнө. Одоо бодоход, байгаль, хүрээлэн буй орчин цаашлаад шувуу сонирхох сэдлийн эхлэл болсон байх.

Дараа нь МУИС, Байгалийн аялал жуулчлалын ангид сурч байхдаа Монголын Шувуу Судлалын Нийгэмлэгт гишүүнээр элсэн төрөл бүрийн арга хэмжээ, сургалт, эрдэм шинжилгээний хурал, дотоодын болон олон улсын судалгаануудад идэвхтэй оролцож мэргэжилдээ улам дур сонирхолтой болж нүд тайлагдсан тайлагдсан төдийгүй өөртөө чадах юм байна гэсэн анхны итгэл үнэмшил төрж энэ салбар луу орсон байдаг.

-Бидний ярилцах гол сэдэв “Монгол орны шувууд” хэмээх номын талаар мэдээлэл өгнө үү:

Ном маань 2019 онд Англид амжилттай  нээлтээ хийснээр ойролцоогоор дөрвөн жил үргэлжилсэн төсөл амжилттай дууссан бас эхэлсэн гэж хэлж болно. Номын тухайд 300 гаруй хуудастай тэдгээрийн тал орчим хувь нь өнгөт зургаас бүтсэн, зүйл болгоны ерөнхий мэдээлэл агуулсан текст, тархалтын газрын зураг болон өнгөт гар зургаас бүтсэн хамгийн сүүлийн үеийн мэдээллийг агуулсан шинжлэх ухааны бүтээл л  дээ.

-Орчин үед ном бичих,хэвлүүлэх эрх хүн бүрт байдаг харин таны номын хувьд юугаараа онцлог вэ?

Тэгэлгүй яахав маш олон сайхан ном хэвлэгдэн гарч байгаа.  Би өөрийнхөө номыг дан ганц ном гэж үзэхгүй байгаа, энэ бол системчлэгдсэн бизнес юм. Систем гэж яагаад онцолж байгаа вэ гэхээр, зохиогчоос гадна төслийн менежер, редактор, дизайны баг продакшнаас бүтсэн дамжлагын хэлбэртэй, төслийн багийн ажиллагааны үр дүн юм. 

Мөн Амазон, NHBS, манайхны хамгийн сайн мэдэх EBay гэх мэт дэлхийн 20 орчим сүлжээгээр, олон улс дамнан түгээгдэж байгаагаараа онцлогтой. Дан ганц би номоо бичээд зургаа зураад хэвлэлтэд өгчихөөгүй, системчлэгдсэн үйл ажиллагаа юм.

-Та дээр дурдсанчлан номын зургаа өөрөө гараараа зурсан гэж ойлгож болохуу энэ талаар:

Тэгэлгүй яахав Монгол орны шувуу номонд нийтдээ 3000 гаруй ширхэг зураг орсон байдаг, бүгд миний гар зураг. Ямар нэгэн зургийн сургуульд сураагүй ч багаасаа зураг зурах хоббитой байсан. Ер нь анх ном бичих санаа маань зураг зурахаас эхэлсэн гэж ойлгож болно. Их сургуульд байхдаа хээрийн судалгааны үеэр харсан шувууны тодорхойлох шинж тэмдгийг ноорог дэвтэр дээрээ зурдаг байсан.

Handbook of the Birds of World гэх том төслийн хээрийн судалгаанд оролцох завшаан олгосон, тус төслийн удирдагч нарын нэг, МУИС-ийн профессор доктор С.Гомбобаатар багшдаа талархаад баршгүй. Учир нь Израйлийн алдарт эрдэмтэн Хадорам Ширихай нарын удирдлаган дор Монгол орныг ёстой хөндлөн гулд туулсан даа.  Дорнодын Хөлөнбуйрт шиг санаж байна, өдрийн ажлаа дуусгаад удирдагчтайгаа ярилцаж байхдаа анх шувууны номны талаарх санааг олсон. Яагаад гэхээр Монгол орны бүрэн хэмжээний мэдээллийг агуулсан ном байхгүй болохоор Хятадын, Төв болон Зүүн Азийн шувууны номнууд дундаас мэдээллийг босгодог байсан л даа.

2015 оноос өдөр шөнөгүй зөвхөн номын ажилдаа л төвлөрч эхэлсэн. Учир нь анхдагч зүйлийг бүтээхэд янз бүрийн бэрхшээлүүд тулаад ирнэ, наанадаж хийж байгаа зүйлдээ эргэлзэх үед харьцуулаад харчих ном байдаггүй байсан. Заримдаа огт мэдэхгүй газраараа харанхуй шөнө алхахтай адил мэдрэмж төрдөг байсан.

За тэгээд цаашилвал хэлний мэдлэг муу, санхүүгийн хүндрэл гэх мэт залуу хүн болгонд тохиолддог зүйлүүдээс гадна зургийнхаа ажлыг эхэлчихээд бараг жил болж байсан ч өөрийнхөө зургандаа эргэлзэх эргэлзээ байсаар л байсан.  Ялангуяа шинжлэх ухааны бүтээлд зориулж зурна гэдэг нь  уран зураг зурахаас гадна үнэн бодит, алдаагүй байх шаардлагатай байдаг. Жишээ нь хоёр зүйл дууч шувуу дэндүү төстэй, мэргэжлийн хүн ч хараад тэр бүр ялгаж чаддаггүй тийм асуудлыг зургаар хүмүүст хүргэх хэрэгтэй болдог. Тиймээс туйлын судалгаатай байж, зураас, өнгө бүрээ хянамгай сонгохгүй бол зүс нь бага зэрэг өөрчлөгдөхөд тэр ажил ямар ч үр дүнгүй зүгээр л нэг гоё зураг болж хувирдаг.

Ийм л учраас Германы судлаач Андоес Буххеймээс (Абу) зөвлөгөө авахаар зургаа аваад очлоо. Германчууд төрөлхийн яс, зарчимч шудрага улс гэдгээрээ дэлхий нийтэд танигдсан хүмүүс шүү дээ. Абу бүх зургийг нямбайлан үзэлгүй, ерөнхийд нь ширвэж хараад, Хүү минь чиний урмыг хугалмааргүй байна гээд нэг л асуулт асуусан. Чи зурагт альбом гаргамаар байна уу эсвэл шинжлэх ухааны ном бүтээмээр байна уу? Би ч мэдээж хоёр дахь хувилбар НОМ гэхэд, Тэгвэл энэ зурагнуудаа дахин шинээр зурж чадах уу? гэсэн. Бүтэн жил хийсэн ажил ямар ч үр дүнгүй, яалтай билээ гээд л сольж сайжруулж эхэлсэн дээ. Бас тэр дундуур сэтгэл хөдлөлөө хянаж, урам авах зорилгоор Стив Жобсын ярилцлагыг их сонсдог байсан. Монголоос Д.Энхбат ахын ярилцлагыг их сонсдог байсан. Тэгээд л зориг ороод, ядрахаа үл тоон хөдөлмөрлөдөг байсан даа.

Ер нь бушуухан ном гаргачихъя, карьераа дээшлүүлье гэсэн сэтгэлгээгээр хандаж хийсэн ажил амжилтад хүрээгүй, харин хүмүүст мэдлэг түгээе, тусалъя, хүмүүсийн асуудлыг шийдэж өгье гэсэн үүднээс хандаж эхэлснээс хойш ажил маань өөрт илүү аз жаргалтай болж дээшилж эхэлсэн дээ. Монголд ирж байгаа  жуулчин, судлаач нар хэн болов миний номыг өвөртлөөд явж байхдаа мэдэхгүй шувуугаа хараад, хэрэгцээтэй мэдээллээ олж авч чадаж байвал энэ ажлыг хийсний бодит үр дүн гарч байгаа юм. Жишээ нь би Алтайн хойлог гэдэг шувууг нийт 4 удаа зурсан байдаг. Эхлээд зурна яахав болно, дараа нь харах болгонд нүдэнд хоногшоод өмнө нь зурсан маань гологдоод. Дээр дурдсанчлан гол зорилго хүмүүст бодит мэдээлэл өгч, асуултанд хариулж чадаж байх ёстой гэдэг зарчмаар залхууралгүй зурдаг байсан.

-Зарим хүмүүс бодож магад, нэг л сайхан амьтны тухай ном л байна шүү дээ, юугаараа бизнес гэж дүгнэж байна вэ гэж?

Сайхан асуулт байна энэ тал дээр тодорхой тайлбар хийе. Америкийн биенесийн ертөнцөд алдартай нэгэн үг байдаг “Хэрвээ чи бүтээгдэхүүнээ Wall Mart-ын лангуунд тавьж чадвал магадгүй нэгэн шөнийн дотор саятан болно”.  Wall Mart гэж дэлхийн томоохон сүлжээ дэлгүүр юм. Үүнтэй адил номын хувьд Амазон бол амжилтанд хүргэх гол хаалга юм, энэ хаалга руу нэвтрэхийн тулд гадаадын зах зээл дээр ашигтай гэдгийг нь батлан хөрөнгө босгож өөрөөр хэлбэл барууны бизнесийн дүрмээр Монголоос тоглоно гэсэн үг юм. Энэ үе шат хамгийн хэцүү байсан. Яг адилхан хавтастай яг адилхан бичвэр, зураг гээд бүх юм нь адил номыг би өөрөө хаа нэгтээ хэвлүүлээд зарвал энэ барууныхны жишгээр бизнес биш. Өнөөдөр миний ном Амазон тэргүүтэй 30 орчим том жижиг онлайн ном борлуулах сүлжээнд холбогдож чадсан. Үндсэндээ зохиогч миний оролцоо байдаггүй өөрөө систем болж чадсанаараа яагаад бизнес мөн бэ гэдгийн хамгийн чухал үзүүлэлт юм.

-Дэлхийн хамгийн том бөгөөд шалгуур өндөртэй борлуулатын сүлжээнд чанарын үзүүлэлтээр 5 од-оор үнэлэгдсэн талаар тайлбарлаач:

Ер нь орчин үед бүх зүйлийг зөв менежмент хийвэл зарж болдог ба түүгээрээ дэлхийн зах зээл дээр жижиг дунд том бизнес хийх боломжтой үед бид амьдарч байна. Мөн нөгөө талаараа асар олон өрсөлдөөн дундаас сугарч гарж ирэх нь боломжгүй ч юм шиг. Номыг бизнесийн түвшинд хүргэж дэлхийн зах зээл дээр тогтвортой удаан хугацаанд оршин тогтнож, ахиу орлого олохын тулд заавал Publishing буюу хэвлэн нийтлэх компаниудтай холбогдож номоо хэрэглэгчдэд хүртээмжтэй, чанартай,  тэдэнд ашиг авчрах боломжтой гэдгийг батлах ёстой байдаг. Ном бичээд нийтлэлийн компанид санал болгоход шууд хүлээн зөвшөөрөх магадлал  5% гэж ярьдаг, тэр дундаа төрөлхийн Англи хэлгүй, Монгол гэдэг орноос хандахад энэ магадлал хэдэн хувь болтлоо буурах вэ гэдэг нь тодорхой. Нийтлэлийн компани нь дан ганц ном хэвлэдэг хэвлэлийн газар биш юм редактор, дизайн, түгээлт гээд хамийн чухал нь хэрэглэгчдэд хүргэх маркатенгийг маш сайн хийж ямар бүтээгдэхүүн санал болгохоо мэддэг, бизнесийн байгууллага юм.  Мөн нэр хүндийн баталгаа. Алдарт Харри Поттер зохиолыг Ж.К. Роулинг 12 удаа нийтлэлийн газраас татгалзсан хариу сонссон гэдэг харин би 5 удаа татгалзсан хариу сонссон (хэхэ инээв).

Гадаадын нийтлэлийн компанитай хамтрахад бас нэг хачирхалтай гэмээр нь хамтран ажиллах гэрээний заалт, royalty буюу хувь байсан. Эхлээд би дор хаяж 30 магадгүй түүнээс ихийг би эзэмшинэ гэсэн хүлээлттэй байсан ч үнэндээ энэ нь хоёр дахин багассан. Хүссэн хүсээгүй би гарын үсэг зурахаас өөр аргагүй байдалд орсон учир нь тэнд нэг том ертөнц байна далайн чанадад, эрдэнэсээр дүүрэн арал би ганцаараа сал урсгаад сэлэх гэж оролдвол хар салхи шуурга, аврага загас, наймаалж магадгүй хүн иддэг омгийнхон гээд аюулаар дүүрэн харин найдвартай бат бөх хөлөг онгоц хөдлөх гээд намайг хүлээж байна тэгээд чи суух юмуу үгүй юмуу гэж байгаатай л адил байсан. Одоо хэдийн эрднэсийн аралд хүрээд бага ч болов арилжаа хийгээд ашиг олоод эхэлсэн болохоор гаргасан шийдвэртээ итгэлтэй байдаг.

Хоёр дахь шууд бус ашиг нь би энэ номоороо дамжуулан өөрийн орны шувууд, онгон дагшин байгаль, шинжлэх ухааны хөгжил зэргийг сурталчилж байгаа үйлс юм. Манай оронд байгалийн аялал жуулчлалын чиглэлээр жилд ирэх жуулчдын тоо жилээс жилд өсөж яваа тэр дундаа шувуу ажиглах аяллын төрөл эрчимтэй хөгжиж яваа. Монголд ирдэг 10 ширхэг жуулчин байлаа гэж бодъё тэгвэл 11 дэх жуулчин Монголыг зорин шувуу ажиглахаар ирэх шийдвэрийг хангалттай гаргуулж чадах бүтээлийг бид хийхийг хүссэн, санасандаа ч хүрсэн гэж дүгнэж байгаа.

-Таны дараагийн зорилго төлөвлөсөн томоохон төсөл чинь юу вэ?

Одоогоор тааж хэлэхийн аргагүй цаг үеийг бид туулж байна. Дэлхийг хамарсан цар тахлын улмаас бүх салбарууд цохигдсон тэр дундаа миний ажилладаг шинжлэх ухаан, судалгаа ялангуяа аялал жуулчлалын салбар тэг зогслт хийчихээд байгаа энэ нь номын зах зээлийг тооцоолоогүй ихээр унагааж байгаа.

Дараагийн алхам бол Монгол орны шувууд номыг цахим хэлбэрт оруулж гар утасны аппликейшн болгох төлөвлөгөөтэй байна. Учир нь дээр дурдсан шиг бид таамаглахын аргагүй хурдацтай хөгжиж байгаа эрин үед амьдарч байна. Хүмүүс ном уншихаас илүүтэйгээр гар утасны аппликейшн хэрэглэхийг илүүд үзэхийг үгүйсгэхгүй.

Мөн дан ганц ном гэлтгүй судалгаа, шувуу хамгааллын төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй байгаа. Манай орон зарим зүйл шувуудын хувьд сүүлийн орогнох газар, итгэл найдвар, гэр орон нь болсон газар. Учир нь аж үйлдвэр, газар тариалан бага хөгжсөн, нийт газар нутгийн ихэнх нь зэлүүд онгоноороо байдаг. Гэтэл бусад улс орнууд агаарын бохирдол, хууль бус ан агнуур, хүнд үйлдвэрлэл, газар тариаланд талхлагдаж зэрлэг амьтдын орон зайг улам бүр доройтуулан хумьсаар байна.

-Таны номын хавтсан дээр байгаа зураг Шонхор уу? ар талых нь ямар шувуу вэ? Та яагаад заавал шонхрыг номын нүүрэн дээр тавьсан шалтгаанаа тайлбарлаач

Тийм  нүүрэн дээр Идлэг шонхор, арын хавтасан дээр Алтайн хойлогийн зураг тавьсан. Үүнийг тайлбарлавал их урт түүх болно. Ер нь шувууны номын нүүрэн дээр хүний нүд хужирласан өнгөлөг бөгөөд тухайн орны онцлогийг илтгэсэн ховор шувууг голдуу тавьдаг юм. Харин Идлэг шонхрын хувьд дээрх шалгуурыг хангахгүй байсан юм. Компанитайгаа би хагас сар зөрчилдөн байж арай хийн идлэг шонхрыг нүүрэн дээр тавихыг зөвшөөрүүлсэн юм.  Ерөнхий редактор Роүз Мерри маш их ундуйцаж байсан. Түүний ч зөв, учир нь бид сав баглаа боодлын эрэн үед амьдарч байна, худалдан авалтын сэтгэл зүйд номын хавтас хамгийн түрүүнд тусах тул шууд нөлөөлөх юм. Гэхдээ надад хоёр шалтгаан байсан юм.

Нэгт, Идлэг шонхор хэмээх Монголын үндэсний бахархалт шувуу нь миний үзэж байгаагаар Монголд хамгийн их хүний нөлөөнд өртөж, хэлмэгдэж яваа шувуу юм. Үүнд, жил болгон экспортлох, цахилгаан шугамууд дээр тодорхой тоогоор эндэх, нүүдлийн үед мөн бусад оронд баригдаж олзворлогдох зэрэг шалтгаанаар тоо толгой нь улам  бүр хорогдсоор байгаа юм. Энэ байдлыг нийгэмд ойлгуулах гэсэн бас нэг энгийн алхам нь өөрийн номын нүүрэн дээр залсан явдал юм. Гадаад орнуудад ямарваа нэг сэтгэл эмзэглүүлсэн үйл явдал газар хөдлөлт, террорист халдлага эсвэл ховордож устаж байгаа амьтдыг хамгаалах үйлсийн хамгийн чухал нь нийгмийн анхаарлыг тухайн цэг дээр татахын тулд NBA-ын тамирчид, Оскарын наадам дээр Холливиудын одод ч гэдэг юмуу нөлөөтэй олны танил хүмүүс нийгмийг уриалдаг сайхан уламжлал тогтсон байдаг. Магадгүй энэ үйлдэл маань үр дүнгээ өгөх байх.

Мөн сүшиг бишрэлийн үүднээс үзэхэд Хүннүгийн үеээс эхтэй шонхор шүтээн нь Монголын эзэнт гүрний сүлд шүтээн байсан юм. Шонхрыг туг сүлдэндээ тахиж явахдаа Монголчууд дэлхийг эрхшээж явсан билээ. Энэ билэгдлийг бас бодолцсон юм.

-За сонирхолтой үр өгөөжтэй ярилцлага болсон гэдэгт итгэлтэй байна, цаашдын судалгааны ажил болон уран бүтээлд тань амжилт хүсье. 

 

 

Эх сурвалж: joinme.mn