Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/02/23-НД НИЙТЛЭГДСЭН

Өмд, цамд өмсөхийг эсэргүүцсэн элсний гар бөмбөгийн одод Катарын тэмцээнд оролцохоос татгалзав

Т.Давааням, ikon.mn
2021 оны 2 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Германы элсний гар бөмбөгийн спортын одод болох Карла Боргер, Юлиа Суде нар удахгүй Катарт болох олон улсын тэмцээнд оролцохоос татгалзжээ.

Катарын тэмцээнийг зохион байгуулагчид тамирчдад усны хувцастай талбайд гарахыг хориглож, оронд нь өмц, цамц өмсөх шаардлага тавьсан юм.

“Бид тэнд ажлаа хийх гэж очиж байгаа. Гэтэл ажлын хувцсаа өмсөхийг маань хориглолоо. Бидэнд ажлаа яаж хийхийг заасан анхны улс, анхны тэмцээн энэ болж байна. Тиймээс бид тэмцээнийг бойкотлож байна” гэж Карла Боргер өнгөрсөн Ням гарагт Германы нэгэн радиод ярьжээ.

Ирэх сард Катарын нийслэл Доха хотод FIVB World Tour элсний гар бөмбөгийн тэмцээн зохион байгуулагдах юм.

Тус улс долоон жил эрэгтэйчүүдийн элсний гар бөмбөгийн тэмцээнийг зохион байгуулсны эцэст энэ жил анх удаа эмэгтэйчүүдийн тэмцээнийг зохион байгуулж байна.

Эмэгтэй тамирчдад усны хувцастай талбайд гарахыг хориглож, оронд нь урт хайнцуйтай цамц, урт өмд өмсөх шаардлага тавьсан юм. Дэлхийн элсний гар бөмбөгийн холбоо FIVB үүнийг “зохион байгуулагч орны соёл, уламжлалыг хүндэтгэсэн алхам” гэж тайлбарлажээ.

Боргер, Суде нар өмд, цамц өмсөхөөс татгалзсан гол шалтгаан нь Дохагийн хэт халуун цаг агаар юм байна.

Хэдийгээр зуны улирал нь болоогүй байгаа ч Катар улсад жилийн энэ үед Цельсийн 30 хэм хүрч халдаг. Боргер ярихдаа ер нь Катар уг тэмцээнийг зохион байгуулахад зохимжтой улс мөн эсэх асуудлыг хөнджээ.

Персийн булангийн баян чинээлэг Катар улс сүүлийн жилүүдэд олон улсын томоохон уралдаан тэмцээнүүдийг зохион байгуулдаг болоод байгаа. Гэвч хүний эрхийн ноцтой зөрчлүүд, спортын өв уламжлал муутай байдал, хэт халуун цаг агаар зэрэг нь байнга шүүмжлэл дагуулдаг.

Ирэх онд Катар улс дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах гэж байгаа. Хэт халуунаас зайлсхийхийн тулд уг арга хэмжээг анх удаа арваннэгээс арванхоёрдугаар сард зохион байгуулах гэж байна. Мөн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний стадионуудыг барьж босгох ажилд гадаадын хөлсний ажилчдыг олноор дайчилсны улмаас 6,500 орчим хүн амиа алдсан гэсэн тоо бий.

 

Эх сурвалж: The Guardian