Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/02/23-НД НИЙТЛЭГДСЭН

"Манай улсад буцалтгүй тусламжаар вакцин нийлүүлсэн явдалд БНЭУ-ын Засгийн газарт ЭМ-ийн сайдын хувиар талархлаа илэрхийлье"

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 2 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Коронавирусийн эсрэг дархлаажуулалтын ажил өнөөдрөөс эхэлж байна.

БНЭУ-ын Засгийн газраас буцалтгүй тусламжаар нийлүүлсэн AstraZeneka компанийн 150,000 хүн тун вакцины хамгийн эхний тунг өнөөдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хийлгэсэн юм.

Энэ үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд “Дэлхий дахиныг хамарсан цар тахал улс орны төдийгүй олон салбарын тогтолцооны бэлэн байдал, хариу арга хэмжээний чадавх, эв нэгдэл хамтын ажиллагаа шаардсан энэ цаг үеийн томоохон сорилт болж байна.

Монгол Улсад 10 сарын турш коронавирусийн зөвхөн гаднаас зөөвөрлөгдсөн тохиолдол бүртгэгдэж байсан бол 2020 оны арваннэгдүгээр сараас дотоодод халдвар гарч эхэлсэн билээ.

Эрүүл мэндийн салбар халдварыг хүн амын дунд тархаахгүй байхын төлөө бусад олон салбартай мөр зэрэгцэн ажиллаж байна.

Хүн бүр амны хаалтыг тогтмол зүүж хүний бөөгнөрөл үүсгэхгүй байх нь халдварын гинжин хэлхээг таслах хамгийн хямд, төсөр арга юм.

Хүн бүрийн хийж чадах энэхүү аргаас гадна шинжлэх ухаан, технологийн хөгжлийн үр дүнд халдвараас сэргийлэх үр дүнтэй вакциныг үр дүнтэй хөгжүүлж, дэлхий нийтийн хүртээл болоод байна.

Бидний коронавируст халдвартай тэмцэх зорилго, үйл ажиллагааг дэмжиж БНЭУ-ын Засгийн газраас 150,000 тун вакциныг манай улсад хандивласан.

Буцалтгүй тусламжаар энэхүү вакциныг манай улсад өгсөн явдалд Монгол Улсын Эрүүл мэндийн сайдын хувиар БНЭУ-ын Засгийн газарт Монгол Улсад суугаа Элчин сайдаар дамжуулан гүн талархлаа илэрхийлж байна.

Төлөвлөгөөний дагуу эхний ээлжид халдвартай нүүр тулан тэмцэж байгаа эрүүл мэндийн ажилчдыг дархлаажуулна. Монгол Улсын Засгийн газрын зүгээс насанд хүрсэн нийт хүн амаа дархлаажуулахаар төлөвлөн, бэлтгэлээ бүрэн хангасан.

Дараагийн ээлжид хүлээн авах вакцинуудаа төлөвлөгөөнийхөө дагуу ээлж дараатайгаар дархлаажуулах ажлыг зохион байгуулж, энэ ондоо багтаан вакцинжуулалтыг хийж дуусгана" хэмээн хэлэв.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/751467415573379