Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/02/23-НД НИЙТЛЭГДСЭН

"АстраЗенека вакцин үйлдвэрлэж байгаа БНЭУ-ын Серум хүрээлэн нь дэлхийн нийт вакцины 55-60 хувийг хангадаг"

ikon.mn
2021 оны 2 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

БНЭУ Монгол Улсад коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх вакцин хандивласантай холбогдуулан БНЭУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд М.П.Сингхтэй ярилцлаа.

- Юуны өмнө халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх хүрээнд БНЭУ Монгол Улсад тусламж үзүүлж вакцин бэлэглэсэнд талархаж байгаагаа уншигчдынхаа өмнөөс илэрхийлье. Энэтхэг улсад коронавируст халдварын нөхцөл байдал ямар байгаа талаар ярилцлагаа эхэлье. Энэтхэгт одоогийн байдлаар хэдэн хүн халдвар аваад байна вэ. Мөн хэчнээн хүн вакцинд хамрагдсан бэ?

- Энэтхэг улс 1 тэрбум 300 сая гаруй хүн амтай. Харин Монгол Улс 3.3 сая хүнтэй. Хүн ам ихтэй манай улсад 10.8 сая тохиолдол гарсан ч нас баралтын түвшин харьцангуй бага 1.4-1.5 хувьтай байгаа. Одоогоор 250,000 гаруй хүнээ энэ өвчний улмаас алдаад байна. Манай улс цар тахлыг хохирол багатай даван туулахын тулд эрүүл мэндийн салбарынхаа хөгжлийг нийцүүлэн ажиллаж буй. 

COVID-19 халдварын эхэн үед манай улсад өдөртөө 93,000 хүн халдвар авч байсан бол тантай ярилцлагаж буй энэ цаг үед ойролцоогоор 2,000 хүн халдвар авч байна. Энэтхэг улс коронавирусийн эсрэг вакцин үйлдвэрлэгч орнуудын тоонд ороод байгаа. 21 хоногийн хугацаанд бид 5 сая тун вакцин үйлдвэрлэсэн. Харин АНУ, Израиль, Их Британи улсад вакцин үйлдвэрлэхэд 23-45 хоног зарцуулж буй.

Халдварын тоо их байгаа энэ үед цар тахлыг тогтоон барих боломж нэмэгдэж байгаа гэж үзэж байна. Цаашлаад манай засгийн газар эхний ээлжид 300 сая хүнийг вакцинжуулахаар төлөвлөөд байгаа. Ингэхдээ эхлээд эмч, эрүүл мэндийн салбарын ажилтнууд, тэргүүн шугамынханэрсдэлт бүлгийнхнийг энэ оны зургаадугаар сар гэхэд вакцинжуулахаар ажиллаж байна. Үйл явц ч тун амжилттай байгааг хэлье.

Энэтхэгт хоёр төрлийн вакцинд зөвшөөрөл олгосон. Үүний нэг нь АстраЗенека, нөгөө нь БиоТек-ийн COVID-ийн эсрэг вакцин юм.

Одоогийн байдлаар бид нэг сая хүнийг вакцинд хамруулаад байна.

Манай улсад нэгдүгээр сарын 16-наас вакцинжуулалт эхэлсэн бөгөөд одоогоор нийт эдийн засгийн 94 хувь нь энгийн үйл ажиллагаандаа шилжсэн. Сүүлийн улиралд л гэхэд эдийн засаг эргэн сэргэх төлөв ажиглагдаж эхэлсэн. Цаашлаад бид 2021 онд эдийн засгаа 7 хувийн өсөлтөд хүргэхээр ажиллаж байна.

-Ийм бэрх цаг хугацаанд манай улсад тусламж үзүүллээ. Энэтхэг улс Монголоос өөр бусад улсад үүнтэй ижил тусламж үзүүлж байгаа юу?

-Манай улсын хүн ам ихтэй ч Энэтхэгийн Засгийн газар даян дэлхийн асуудалд анхаарлаа хандуулж байгаагийн нэг илрэл гэж хариулах байна. Энэтхэг улсыг "Дэлхийн эмийн сан" гэж ихэнх улс орон нэрлэж байна.

Энэ нь Канад, Австрали, Мексик, Бразил, Саудын Араб, Өмнөд Африк гээд дэлхийн олон орон манай улсаас вакцин авахыг хүссэн хүсэлтээ гаргаж байгаатай холбоотой. Зарим тоо баримт дурдахад, өнгөрсөн 7 хоногт Энэтхэг улс 13 улсад нийт 6.3 сая тун вакцин бэлэглэлээ. Үүнд Монгол Улсад бэлэглэсэн 150,000 тун вакцин багтаж байгаа. Мөн ойролцоогоор 10 сая тун вакциныг 8 улсад арилжааны чиглэлээр экспортолсон.

Энэтхэг улс хөршийн бодлогыг нэн тэргүүнд чухалчилдаг. Монгол Улс манай улсын хувьд гуравдагч хөрш. Тийм ч учраас вакцин бэлэглэж байгаа юм.

-Энэ цаг хугацаанд Энэтхэг дэх вакцины үйлдвэр чухам хэдий хэмжээний захиалга авсан бол?

-Сайхан асуулт байна. Та бүхний мэдэж байгаачлан Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага АстраЗенека вакциныг хэрэглэх зөвшөөрөл олгосон нь КОВАКС хөтөлбөрийн нэг хэсэг.  Энэ хөтөлбөрт дэлхийн 130 улс багтсан бөгөөд Монгол Улстай адил 130 улс COVID-19-ийн эсрэг “Covishield” вакцин үйлдвэрлэж буй Энэтхэг улсын Серум хүрээлэнг хүлээн зөвшөөрсөн.

ДЭМБ-аас гаргасан болон надад байгаа мэдээллээр АстраЗенека вакциныг БНЭУ, БНСУ гэсэн хоёр улсад үйлдвэрлэж байгаа. АстраЗенека-ийн вакциныг үйлдвэрлэж байгаа манай улсын Серум хүрээлэн нь дэлхийн нийт вакцины 55-60 хувийг хангадаг, дэлхийн хамгийн том вакцины үйлдвэр.

Тэнд бүх төрлийн вакцин үйлдвэрлэдэг учраас хүчин чадал, багтаамж ихтэй. Чухам хэдий хэмжээний захиалга авсныг нь хэлж чадахгүй ч дэлхийн 40 гаруй улсаас захиалга авсан гэдгийг баттай хэлж чадах байна.

Хүчин чадалдаа тулгуурлан тусгай экспортын дэглэмээр ажиллаж, ойрын 2-3 сарын хугацаанд 20-30 сая тун вакцин үйлдвэрлэхээр төлөвлөн ажиллаж байгаа.

Мэдээж Энэтхэг улс өөрийн ард иргэдээ дотооддоо вакцинжуулах ажлаас их зүйл хамаарна л даа. Үйлдвэрлэж буй вакцины хуваарилалтыг нарийн хэлж чадахгүй ч ойрын хэдэн сарын хугацаанд 30 сая гаруй вакциныг 25 улсад нийлүүлнэ.

-Нэгж вакцин чухам ямар үнээр нийлүүлэгдэж байгаа бол?

-Түрүүн дурдсанчлан хоёр төрлийн вакцин байгаа. Энэтхэг улсад үйлдвэрлэж байгаа АстраЗенекагийн хувьд Энэтхэг улсын дотоодын зах зээл дээр 3 ам.долларын үнэтэй. Экспортын үнэ нь мэдээж олон улсын зах зээлийн зохицуулалтын дагуу нэгжийн үнэ нь 10-11 доллар байна.

-Зарим хүн Энэтхэг, Монголын цаг агаар адилгүй учраас вакцины чанарын талаар сонирхож байгаа нь ажиглагдсан. Энэ талаар та ямар бодолтой байна вэ?

-Энэтхэгийн Серум хүрээлэн нь дэлхийн вакцины хамгийн том үйлдвэрлэгч, ДЭМБ-ын хамгийн том ханган нийлүүлэгч гэдгийг давтан хэлье.

Хэрвээ дээр дурдсантай адил тохиолдол гарсан бол дэлхийн хамгийн том ханган нийлүүлэгч нь болж чадахгүй байсан. Дэлхийн нийт вакцины 60 орчим хувийг хангах захиалгатай ажилладаг. Энд хэрэглэж байгаа ихэнх вакцин Энэтхэгт үйлдвэрлэгдсэн, тэндээс ирдэг гэдгийг зарим хүмүүс мэдэхгүй байх л даа.

Мэдээж олон хүн өөр өөрийн гэсэн үзэл бодолтой байгаа. Вакцин хийлгэхийг хүсэж байгаа хүмүүс олон бий. Тухайлбал, би ч гэсэн вакцин хийлгэхийг хүсэж байна. Танай улсын Ерөнхий сайд, Эрүүл мэндийн сайд вакциныг хамгийн түрүүнд хийлгэж байгаа нь хүмүүст төрж буй айдсыг арилгаж, "Энэ вакцин аюулгүй” гэдгийг л ойлгуулахыг хүсэж буй явдал юм.

Энэ вакцин бол АНУ-д үйлдвэрлэгдсэн Pfizer вакцин биш. Америкт өнөөдөр ч гэсэн халдвар авсан хүмүүсийн тоо өндөр байна. Европын улс орнууд, Испани, Бразил, Мексик гээд халдварын тоо өндөр улс орнууд бий. Тэгэхээр хүмүүс зөвхөн тоог л харьцуулаад байх шиг надад санагдаж байна.

Вакцин хийлгэх, эс хийлгэх нь тухайн хувь хүний сонголт гэж би бодож байгаа боловч нийгмийн хүрээгээр нь авч үзвэл засгийн газар нийт иргэдийнхээ эрүүл мэндийг эрсдэлгүй байлгахад анхаарч, хяналтаас гарахаас нь өмнө халдварыг тогтоон барих хэрэгтэй.

-Та Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг хэрхэн дүгнэж байна вэ?

-Таны энэ асуултад би хоёр талаар хариулъя. Монгол Улсын засгийн газар цар тахлын үеийг даван туулахын тулд хариуцлагатай ажилласныг сүүлийн нэг жилийн үйл явдал харууллаа. Өнгөрсөн жилийн арванхоёрдугаар сараас цар тахал дэгдсэн шүү дээ.

Монголд 2020 оны гуравдугаар сард хөл хорио хэрэгжиж эхэлсэн. Хэрвээ та бүхэн гуравдугаар сараас арваннэгдүгээр сарын хугацааг аваад үзвэл халдварт өвчний тохиолдол тун бага байсан нь харагдана. 

Түүнчлэн бодит байдалд маск зүүх, хүн хоорондын зай барих, олон хүн цугласан газар очихгүй байх гэх зэрэг олон зүйлийг даган мөрдөж байна.

Өнгөрсөн арваннэгдүгээр сараас хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд улсын хэмжээнд 2,600 хүн халдвар авснаас 1,933 хүн эдгэрсэн. Одоогоор 745 хүн эмчлүүлж байна.

Сүүлийн өдрүүдэд "Нэг хаалга-нэг шинжилгээ” үйл ажиллагааг зохион байгуулснаар тоо нэмэгдэж байгаа ч тэдгээр нь голомтлоогүй байна. Эндээс Монголын Засгийн газар халдварт өвчнийг илрүүлэх боломжтой нь харагдаж байгаа. Цаашид ч хийх ажил их бий байх.

Шинжилгээ хийх тусам бид илрүүлж, мөшгих зэргээр халдвар дэгдэхээс сэргийлэх юм. Товчхон хэлэхэд, би болон Монголд ажиллаж, амьдарч байгаа гадаадын дипломатууд, хамтран ажиллагсад маань цар тахлын дэгдэлтээс сэргийлж буй Монгол Улсын үйл ажиллагааг талархан хүлээн авч байгаа.

Хөл хорио болон хязгаарлалтын тухайд өнөөдөр дэлхийн эдийн засаг хязгаарлагдаад байна. Бизнесийн олон салбарын 1/3 хувь нь, зарим салбарын тэн хагас нь тухайлбал, нислэгийн компаниуд, аялал жуулчлал, зочид буудал зэрэг байгууллагуудын үйл ажиллагаа хязгаарлагдчихсан байгаа.

Хэрвээ халдвараас сэргийлэх ийм алхам хийгээгүй бол мэдээж хүний амь насны гарз, эдийн засгийн аюулгүй байдал одоогийнхоос ч илүү их байх байсан.

Аль ч улсын засгийн газар хүнээ хамгаалах, аюулгүй байлгах, эрүүл мэндийг нь хамгаалахын зэрэгцээ эдийн засгийн хөгжлийг тэнцвэртэй байлгах бодлогыг хэрэгжүүлэх хэрэгтэй гэж би бодож байна.

Монгол Улсын эдийн засгийн үзүүлэлт буурсан боловч бусад эдийн засагтай харьцуулахад харьцангуй бага буюу 6-7 хувьтай байна. Экспорт сэргэсэн, зэс, алтны үнэ өссөн үеийг ашиглаж чадсан нь эдийн засгийн үйл явцыг бага ч болов урагшлуулж байгаа.

Түүнчлэн Монгол улс Номад буюу "Нүүдэлчин” бонд гаргаж 600 сая доллартой боллоо. Энэ бондын захиалга нь 2.5 дахин их байсан нь Монгол улс дэлхийн бусад улс орнуудтай харьцуулахад цар тахлыг амжилттай даван туулж байгаагийн нэг баталгаа юм.

-Танд баярлалаа. Та Монгол Энэтхэг хоёр улсын харилцааны хэтийн төлөвийн талаар санал бодлоо хуваалцахгүй юу?

-Энэтхэг Монголын харилцааг түүхийн талаас харвал хэдэн мянган жилээр ярина. Сүүлийн таван жилийн хугацаагаар яривал манай хоёр улсын харилцаанд эдийн засгийн агуулга нэлээд нэмэгдсэн гэж хэлж болох юм. Өмнө нь бид соёлын харилцаатай байсан бол өнөөдөр эдийн засгийн харилцааны үүрэг нэмэгдсэн.

Манай улсын Ерөнхий сайд Монгол Улсад хийсэн айлчлалаас хойш харилцааны эрч хүч улам нэмэгдсэн гэж би хэлнэ. 2015 онд хийсэн айлчлалаар манай хоёр улс Стратегийн түншүүд болсон.

Тэрхүү түүхэн айлчлалын үеэр засгийн газар хоорондын 13 гэрээ, бизнесийн салбарт 4 гэрээг байгуулж гарын үсэг зурсан. 2019 онд Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын Энэтхэг улсад хийсэн айлчлалын үеэр засгийн газар хоорондын 4, бизнесийн 2 гэрээг байгуулсан.

Газрын тос боловсруулах үйлдвэрийн төсөл л гэхэд нийт 6 тэрбум ам.долларын дэмжлэг үзүүлж буй бөгөөд энэ томоохон төслийг тухайн цаг үед эхлүүлжээ. Энэ бол зөвхөн Энэтхэг улсаас үзүүлж буй томоохон тусламжийн төсөл юм.

Мөн шугам хоолойн 1.2 сая ам доллар, дэд бүтцийн 3-3.5 сая доллар гээд зарим зардлыг нэмбэл Монгол Улсад хэрэгжиж буй бусад гадаад улс орнуудын төслүүдээс хоёрдугаарт орох том төсөл болох нь харагдана.

Түүнчлэн бид Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их сургуультай хамтран нийтдээ 220 сая долларын тусламжийг IT салбарын хөгжилд зориулж байгаа.

Тухайлбал, бид кибер аюулгүй байдлын сургалтын төвийн төсөл, Монгол-Энэтхэгийн найрамдлын сургууль, батлан хамгаалах, онцгой байдлын ерөнхий газар болон манай улсын гамшгийн менежментийн агентлаг зэрэг байгууллагуудын хооронд төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байна.

Манай 2 улсын харилцааг үндсэн гурван салбараар илэрхийлбэл, бид Буддын шашны соёл уламжлалтай улсууд. Энэ бол соёлын харилцаа. Стратегийн түнш улсын хувьд ирээдүйд хийж хэрэгжүүлэхээр болсон олон амлалтууд бий. IT чиглэлд бидний харилцаа цаашид улам өргөжнө. Түүнчлэн газрын тос боловсруулах үйлдвэрийг даган олон салбарын бизнес хөгжих нь лавтай.

Энэтхэг-Монголын найрамдлын сургууль байгуулахаар төлөвлөснөөс гадна агаарын орон зайн буюу телеком, хиймэл дагуулын холбоо харилцааны чиглэлд хамтын ажиллагааг хөгжүүлэхээр ажиллаж байгаа.

Түүнээс гадна бид сүү, сүүн бүтээгдэхүүний салбарт хамтран ажиллахаар төлөвлөж буй. Монгол Улс таван сая гаруй үхэртэй. Үүний 1/3 хувийг арилжааны чиглэлээр ашиглаж болно гэж үзэж байгаа. Энэтхэг сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлдэг улс. 

Нэмж хэлэхэд, хүн амын тооны ялгааг үл харгалзан бид эрүүл мэнд, эм ханган нийлүүлэх салбарт хамтран ажиллахаар төлөвлөж байна. Энэтхэг улсад Монгол Улсаас олон хүн эмчилгээ хийлгэхээр очдог тухай зарим хүмүүс мэдэхгүй байж магадгүй.

Энэ нь нэгдүгээрт эрүүл мэндийн үйлчилгээний өртөг харьцангуй боломжийн, хоёрдугаарт эмнэлгийн байгууллагуудын үйлчилгээтэй холбоотой. Энэ сарын 24-нд хийгдэх тусгай нислэгээр л гэхэд Энэтхэгт эмчилгээ хийлгэх шаардлагатай 53 хүн явах гэж байна. Дээд боловсролын салбар мөн л бидний анхаарах салбарын нэг. Ингээд бодохоор бид гойд сайхан харилцаатай, энэ харилцаа цаашид ч үргэлжилнэ.

-Монголд хэд хэдэн салбарт төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа тухай та яриандаа дурдлаа. Монголын компаниудтай хамтран ажиллахад ямар бэрхшээл учирдаг вэ?

-Бэрхшээлийг компанийн түвшинд ярилгүй үйлдвэрлэлийн салбарын түвшинд ярих нь зөв байх. Компани хоорондын харилцааг үнэлэх боломжтой боловч үйлдвэрийн салбарын хоорондын бэрхшээлийг бид үнэлэх нь хамгийн оновчтой.

Жишээлбэл, сүүлийн хугацаанд "Хүннү Эйр" 4-5 удаагийн нислэгийг Энэтхэг улс руу хийлээ, тухайн компани байнгын нислэг эхлүүлэхээр идэвхтэй ажиллаж байна. Энэ бол салбарын түвшин л дээ.

2019 онд анх удаа Энэтхэг Монголын газрын тос, байгалийн хийн үзэсгэлэнг зохион байгуулсан. Энэ үзэсгэлэн нь Энэтхэгийн компаниуд дэлхийн томоохон 500 компаниуд, ТатаТема зэрэг группүүдэд, бусад оролцогч талуудад зориулсан үйл ажиллагаа байсан юм. Эндээс бизнесийн харилцааны боломж өндөр байгаа нь харагдсан.

Өнгөрсөн нэгдүгээр сард банкны салбарт Монгол Улс томоохон өөрчлөлт хийж, Монголд хөрөнгө оруулах гадаадын иргэдийн хөрөнгийг баталгаажуулахаар боллоо. Дэд бүтцийн хөгжил, шилжилт хөдөлгөөн, холбоо харилцаа, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн гэх зэрэг салбарт томоохон сорилтууд байсаар л байна.

Бид оюун санааны хөршүүд гэж нэгнээ хүндэлдэг

Монгол улс хуурай газраар хүрээлэгдсэн бус хуурай газраар хэлхэгдсэн улс болно гэж би боддог. Хүрээлэгдсэн, түгжигдсэн гэвэл түгжээтэй хэвээр байна. Харин холбогдсон, хэлхэгдсэн гэвэл тухайлбал та компаниудаараа дамжуулан холбогдох боломжтой гэсэн үг юм.

Ихэнх монголчууд шинэ санаа, шинэ технологийн эрэл хайгуул хийж эхлээд байна. Шинэлэг технологийн салбар дахь бидний хамтын ажиллагааг тухайлбал, интернэт, роботжуулал, хиймэл оюун ухаан зэрэг салбарын хамтын ажиллагааг харвал эдгээр салбарт ажиллаж байгаа монголчуудын тоо цөөн.

Энэ бол хоёр улсын иргэдийн төдийгүй хоорондын гүүр болохуйц мэдээллийн салбарын аж ахуйн нэгжүүд, бизнесүүдийн харилцан ойлголцлыг нэгтгэх боломжийг бий болгож байгаа юм. Дээр өгүүлсэн үзэсгэлэнд ирсэн бизнесийн 32 компанийн төлөөллүүд газрын тос боловсруулах төсөлд оролцох хүсэлтээ гаргасан.

Гурван компани нэгдэж Азийн Хөгжлийн Банк, Дэлхийн Банкны төсөлд хамтран оролцож байна. Энэ мэтчилэн боломжууд их байна. Сорилтуудын тухай та асуусан.

Сорилтуудыг дурдвал дэд бүтэц, хэл, харилцан ойлголцлын бэрхшээлүүд бий. Гэхдээ монголчууд оюуны чадамж өндөртэй, математикийн ур чадвар сайтай, интернэт технологийн чадамж өндөр зэрэг нь харилцан хөгжих нааштай шинж тэмдэг гэж би хувьдаа боддог.

Шинэ засгийн газар, өдгөө 41 настай Ерөнхий сайд илүү олон зүйлийг хийж бүтээн, томоохон өөрчлөлтүүдийг хийнэ гэдэгт би итгэж байна. Дундаж давхаргын амьжиргааг дээшлүүлэх, өртөг багатай орон сууцаар хангах, сэргээгдэх эрчим хүчний салбар, тогтвортой хөгжлийн зорилтууд зэрэг түүний алсын хараа нь биелэх боломжтой.

Түүнчлэн эрчим хүчний салбарын болон эрүүл мэндийн аюулгүй байдалд анхаарах хэрэгтэй. Сорилт тус бүрийг засгийн газар анхаарч ажиллана гэдэгт би бат итгэлтэй байна.

-Танд баярлалаа. Манай улс таны хэлсэнчлэн "түгжигдсэн бус бусад улс оронтой нягт холбоо хэлхээтэй” улс болно гэдэгт би итгэлтэй байна.

-Холбоо хэлхээтэй байхын тулд та сэтгэл зүрхнээсээ аливаад хандах хэрэгтэй. Бид уян дулаан сэтгэл зүрхтэй, соёл, өв, уламжлалаараа холбоотой хүмүүс. Бид оюун санааны хөршүүд гэж нэгнээ хүндэлдэг.

Бүх улс орны хүмүүсийг оюун санаагаараа нэгдсэн хүмүүс гэж хэлдэггүй шүү дээ. Бид цаашид хүн хоорондын холбоо харилцаагаа улам өргөжүүлж, хамтын ажиллагааны шинэ салбар дахь харилцаагаа улам бүр тэлнэ гэдэгт би бат итгэлтэй байна.

Монголын залуу үе Энэтхэг улсыг сайн нөхөр, итгэж болох анд, нийгэм эдийн засгийн хөгжилд хамтдаа алхах улс гэж үзэж байгаа гэдэгт би итгэлтэй байна. Та бүхэнд амжилт хүсье.

 

Ярилцсан: Б.Анужин