Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/02/23-НД НИЙТЛЭГДСЭН

"ШУ, технологийн сан байгуулагдсан цагаасаа ₮190 тэрбумаар 5,000 судалгаа санхүүжүүлсэн гэх ч нэг нь ч амьдралд хэрэгжээгүй"

Б.Даваабазар, iKon.mn
2021 оны 2 сарын 23
iKon.MN
Зураг зураг
mpa.mn

Эдийн засагч, нийтлэлч Д.Жаргалсайхан Clubhouse платформ дахь “DeFacto club”-ийн ээлжит уулзалтаараа Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, УИХ-ын дарга Г.Занданшатар нарыг зочноор урин “Боловсролын чанарын шинэчлэл” сэдвийн хүрээнд дээд боловсролтой холбоотой асуудлаар Даваа гарагт ярилцлаа.

Энэхүү ярилцлагын үеэр яригдсан онцлох мэдээллүүдийг тоймлон хүргэе.

Монгол Улсын Их хурлын дарга Г.Занданшатар

  • Төр болон хувийн их, дээд сургуулиудад өөрчлөлт их орж байгаа тул реформ хийх цаг болсон.
  • Дээд боловсролын диплом, зэрэг, цолны үнэгүйдэл дэлхий нийтэд явагдаж эхэлж байна.
  • Монгол Улсад ЕБС төгсөгчдийн 75-80 хувь нь их, дээд сургуульд элсэн ордог. Энэ нь дэлхийн дунджаас (30-50 хувь) өндөр байна. Их, дээд сургуулиуд олон хүн элсүүлэхийг зорьж ажиллаж байна.  
  • Дээд боловсролын чанар тулгамдсан асуудал болж байна.
  • Манай улсад одоогийн байдлаар цар тахал сөргөөр нөлөөлж, 178 мянган хүүхэд цахим буюу теле хичээлд хамрагдаж чадахгүй байна гэж гарсан байна. Зайны сургалтын чанар олон улсын түвшинд хүрээгүй болохоор асуудал болж байгаа юм.
  • Их, дээд сургуулиудын сургалтын арга барил шинэчлэгдэж чадахгүй, оюутан залууст ур чадвар олгож чадахгүй байна. Өөрөөр хэлбэл, XXI зууны боловсролыг бүрэн эзэмшиж чадахгүй байгаа нь их, дээд сургуулиуд хангалтгүй ажиллаж байгаатай холбоотой.
  • Их, дээд сургуулиудыг эрэмбэлж, чансааг нь тогтоох шаардлага бий болж байна. Тэр утгаараа судалгааны их сургуультай болохын тулд багш нарын цалин хангамж, ур чадварыг нэмэгдүүлэх шаардлагатай болж байна.
  • Их, дээд сургуулийн шинэчлэл гэдэг нь олон их, дээд сургуулиудыг нэгтгэх явдал.
  • Их, дээд сургуулиудад тарж байрласан цөөн тооны судалгааны байгууллагуудаа нэгтгэх хэрэгтэй байна. Энэ чиглэлд төрийн тодорхой дэмжлэг үзүүлэх хуулийг батлах саналтай байна.  
  • Гадаадад байгаа эрдэмтэн, судлаачдаа Монголд урьж ажиллуулахын тулд орон сууцны болон бусад цалин хөлс, урамшуулалт дэмжлэг үзүүлэх талаар Л.Энх-Амгалан сайдтай ярьж, УИХ дээр ажлын хэсэг байгуулан ажиллахаар төлөвлөж байна.
  • Нэгдүгээр сарын 18-нд төлбөр хойшлуулах хэлэлцээр эхэлсэн. Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 7.1.8-д заасан хуулийг хэрэгжүүлэх яриа хэлэлцээр хийж байгаа. Өмчийн харьяалал үл харгалзан төлбөр хойшлуулах асуудал долоо хоногийн дараа шийдэгдэнэ.

Боловсрол, Шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан:

  • Монгол Улсад нийт 64 Шинжлэх ухааны хүрээлэн, академи байна. Манай улсад Шинжлэх ухааны хүрээлэн,  их дээд сургууль нь хоорондоо салчихсан. Шинжлэх ухаан технологийн сан байгуулагдсан цагаасаа хойш 190 тэрбум төгрөг зарцуулаад 5,000 судалгаа санхүүжүүлсэн гэж байгаа боловч нэг нь ч амьдралд хэрэгжээгүй. Мөн академийн тогтолцоо дэлхийд Орос, Хятад, Монгол гэсэн гурван улсад л байна.  
  • Төрийн, хувийн гэж өмчийн хэлбэрээр ялгах хэрэггүй. Цаашид Монголын боловсролыг цогцоор нь харах хэрэгтэй санагдсан.
  • Монголын боловсролын яам бол Монголын хүний нөөцийн яам байна.
  • Боловсролын зээлийн сангаар дамжин 880 тэрбум төгрөг, 420 мянган хүүхдэд гарчихсан. Хоёрдугаарт, тус сангийн мөнгө гадагшаа бакалаврын сургалтад их зарцуулагддаг юм байна. Жагсаалтыг нь харахад дандаа улстөрчид, компаниудын захирлын хүүхдүүдийн төлбөр болчихсон буруу тогтолцоо байсан. Ойрын хугацаанд энэ тогтолцоог өөрчилнө.
  • БШУЯ-д гэрээний үүргээ гүйцэтгээгүй, ирж аваагүй байгаа зэрэг нийт 14 мянган диплом байна. Одоо ажилд авахад оригинал дипломыг хардаг болчихсон.
  • Оюутны хөгжлийн зээл өмнө нь төрөөс 64 тэрбум төгрөг өгч байсан бол одоо зургаа дахин багасаад 10 тэрбумыг авдаг болсон юм байна лээ. КОВИД-19 цар тахал гарснаас хойш боловсролын төсвөөс нийт 170 тэрбум төгрөг татсан байсан. Боловсролын салбараас татсан мөнгөнөөс 12 тэрбум төгрөгийг өнөөдөр хүүхдийн мөнгө болох 100 мянган төгрөгийг тавихад зарцуулж байгаа. Цар тахал удахгүй дуусах байх. Тэгэхээр үүнийг засаж залруулах зайлшгүй шаардлагатай гэж харж байгаа.
Ташрамд хэлэхэд Боловсролын багц хуулийг татаж авч дахин боловсруулж байгаа билээ.