Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/02/22-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Нарангэрэл: АстраЗенека вакцин урвал хүндрэл харьцангуй багатай

ikon.mn
2021 оны 2 сарын 22
iKon.MN
Зураг зураг
Эрүүл Мэндийн Яам /Гэрэл зургийг MPA.mn/

ЭМЯ-ны ахлах шинжээч Д.Нарангэрэл вакцины талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр "Манай улс дархлаажуулалтын тухай хуультай цөөн хэдэн улсын нэг бөгөөд таван төрлөөр дархлаажуулалтыг хийдэг. Тодруулбал, 

  • Заавал хийх дархлаажуулалт
  • Нөхөн дархлаажуулалт
  • Нэмэлт дархлаажуулалт
  • Сайн дурын дархлаажуулалт
  • Тархвар судлалын заалтаар буюу халдварт өвчний голомтод халдварт өвчнөөс сэргийлэх, тархалтыг хязгаарлах, өвчнийг устгах зайлшгүй арга хэмжээний үндэслэлээр хийх дархлаажуулалт хийнэ. 

Тархвар судлалын заалтаар хийгдэх дархлаажуулалт нь сайн дурын үндсэн дээр хийгддэг. 

Дэлхий дахинаа 92 улсад нийт 205 сая хүн дархлаажуулалтад хамрагдаад байгаа бөгөөд өдөрт дунджаар 6.5 сая хүн вакцин хийлгэж байна. Одоогийн байдлаар АНУ, Израйль, Их Британи улс коронавирусийн эсрэг дархлаажуулатыг хамгийн амжилттай хийж байгаа. Үүний үр дүнд АНУ-д тахалт тархалт буурч байгаа бол Израйль, Их Британид өвчлөлийн тоо огцом буурч байна. Мөн эмнэлгийн орны ачаалал буурч, хүндрэл багассан талаар мэдээллүүд гарч байгаа. 

Манай улсын хувьд дархлаажуулалтыг амжилттай хийвэл голомтын тархалтыг тахалт тархалт болгохгүй байх боломжтой. 

Ямар нэгэн вакцин, биобэлдмэл хийлгэсний дараа ерөнхий биеийн болон хэсэг газрын урвал хүндрэлийг өгч болно. Вакцин хийлгэсэн хэсэг улайх, хавдах, хөндүүрлэх гэх мэтийг хэсэг газрын урвал гэдэг бол халуурах, ядрах, толгой эргэх, дотор муухайрахыг ерөнхий биеийн урвал гэдэг. Ийм хүндрэл хүн бүрд гарахгүй бөгөөд 2-3 хоногийн дараа арилна. 

Вакцин хийлгэхийн өмнө эмчийн үзэлт зайлшгүй орно. Ингээд харшлах заалтууд буюу тухайн үед халуурч байгаа, бие дээр нь харшлын тууралт гарсан гэх мэт тохиолдолд вакцин хийлгэх өдрөө хойшлуулж болно. Мөн вакцин хийлгэхийн өмнө архи уух, тамхи татах, ямар нэгэн сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэж болохгүй. Дулаан хувцаслах хэрэгтэй. 

Бүх вакциныг хийлгэх хооронд 28-наас дээш хоног байх ёстой учраас нэг сарын дотор өөр вакцин хийлгэсэн байж болохгүй. 

Манай улс коронавирусийн дархлаажуулалтыг гурван өрөө дамжуулж хийхээр төлөвлөсөн. Эхний өрөөнд эмчид үзүүлэх бол дараагийн өрөөнд вакцинаа тариулж, гурав дахь өрөөнд вакцины дараа хариу урвал гарах эсэхийг хянах юм. Улаанбаатар хотын хэмжээнд дархлаажуулалт явуулах 20 гаруй цэгийг бэлтгээд байгаа. Вакцин хийлгэсний дараа 30 минут ажиглалтад байна.

Гэртээ хариад тариулсан газраа хөндөхгүй, ус хүргэхгүй байх ёстой. Мөн дулаан хувцаслах бөгөөд согтууруулах ундаа хэрэглэхгүй. Дархлаажуулалтын цэгээс явахаасаа өмнө эмчээс дараагийн тунг хийлгэх хугацаагаа тодорхой асууж мэдээд гарах шаардлагатай.  Ямар нэгэн хариу урвал гарвал 119 дугаарт хандаж зөвлөгөө авна. Олон судалгааны үр дүнгээс харвал АстраЗенека вакцин урвал хүндрэл харьцангуй багатай вакцины тоонд орж байгаа" гэдгийг хэллээ. 

ШУУД ҮЗЭХ: