Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/02/22-НД НИЙТЛЭГДСЭН

"Зөвлөн тусалж, албан шаардлага хүргүүлж, торгууль тавиад халдвар хамгааллын дэглэмээ сахиагүй бол ААН-үүдийн тусгай зөвшөөрлийг цуцлах арга хэмжээ авна"

Т.Саран, iKon.mn
2021 оны 2 сарын 22
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Гамшгийн үеийн бүх нийтийн бэлэн байдлын зэрэг буурсны дараа аж ахуйн нэгжүүдийн дагаж мөрдөх журмыг өнөөдөр танилцууллаа. 

Мэдээллийн дараа холбогдох албаныхан сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Өнгөрсөн хугацаанд төрийн яам, агентлагууд ариутгалын хаалга нэртэй 6-7 сая төгрөгийн хаалга төсвийн мөнгөөр авсан. Энэ хаалга ариутгагч болох нь ДЭМБ болон эрүүл мэндийн байгууллагаас нотлогдоогүй. Үүнд мэргэжлийн хяналтын байгууллага хяналт тавьж байгаа юу. ААН-үүдэд тавигдах шаардлагыг зөрчсөн тохиолдолд яах вэ?

-НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулуун: Сүүлийн үед супермаркетууд болон томоохон худалдааны төвд үүдэнд нь халууныг автоматаар үздэг хаалга тавигдаж байгаа. Мөн халдваргүйжүүлэлт хийдэг. Эдгээр хаалга нь мэргэжлийн хяналтын байгууллагаас зөвшөөрөлтэй. Ариутгал гэдэг нь эмнэлгийн салбарт яригдана. Засгийн газрын 45 дугаар тогтоолоор хоёр үндсэн чиглэл батлагдсан.

Нэгдүгээрт, коронавирусийн халдварын үед тархалтын түвшинг тогтоогоод төрийн байгууллага, хуулийн этгээдийг зохицуулах журам гэж гарсан. Энэ журмын 7 дугаар заалтад ААН-үүдэд ямар хариуцлага тооцох талаар оруулж өгсөн. Маргаашаас нээгдэх ААН байгууллагуудын үйл ажиллагаанд салбарын хяналтыг тавих гэж байна. Хотын даргатай бид ярилцаад захирамж гарсан. Зөвшөөрөл олгодог эрх бүхий байгууллага нь ААН-үүдэд хяналт тавина.

Жишээлбэл, Биеийн тамир, спортын хороо л гэхэд Улаанбаатарт үйл ажиллагаа явуулж байгаа 300 гаруй газарт тусгай зөвшөөрөл олгосон бөгөөд тэдэнд хяналт тавина. Мөн Соёл урлагийн газар өөрсдийн зөвшөөрөл олгодог кинотеатрууд зэрэг газарт хяналт тавина. Салбарын хяналт тавигдаж чадаж байна уу гэдгийг мэргэжлийн хяналтын байгууллага хянана. ААН-үүдийн үйл ажиллагаа эхэлсэн эхний 14 хоногт зөвлөн тусалж ажиллана. Сүүлийн хоногуудад хяналт шалгалт хийнэ.

Гурван зарчмыг барина. Зөвлөн тусалж, дараа нь албан шаардлага өгнө. Ингээд хэрэгжүүлэхгүй бол тухайн ААН-д Зөрчлийн тухай хуулийн 15.2-т заасны дагуу торгууль тавина. Торгуулаад халдвар хамгааллын дэглэмээ сахихгүй бол тусгай зөвшөөрлийг цуцлах арга хэмжээ авна. Энэ журамд хэд хэдэн зохицуулалт хийсэн. Зохицуулалтаар ААН, иргэдэд халдвар хамгааллын дэглэмийг мөрдөх хугацааг олгосон.

Уг журмын 7-д чиг үүргээ хэрэгжүүлж буй төрийн алба хаагчид мөн хариуцлага тооцохоор оруулж өгсөн.