Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/02/22-НД НИЙТЛЭГДСЭН

Хөл хорио тогтоож, өрх бүрээс шинжилгээ авсан нь COVID-19-ийн 1,000 хүнд халдварлах эрсдэлийг бууруулжээ

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 2 сарын 22
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Нийслэлд 12 хоногийн хугацаанд хөл хорио тогтоож, өрх бүрээс шинжилгээ авсны үр дүнд нийт 102 хүн халдвартай байсныг тогтоосон гэдгийг Засгийн газрын ХМОНХХ-ийн дарга Ц.Ганзориг мэдээлсэн.

Тэрбээр "12 хоногийн хугацаанд "Нэг хаалга-Нэг шинжилгээ"-ээр илэрсэн 102 хүний нэг нь 10 хүнд халдвар тарааж болох байсан гэж тооцоолбол 1,000 хүн халдвар авч болох байсан эрсдэлийг буурууллаа.

УОК-ын шийдвэрийг иргэн бүр дагаж, гэртээ байсны үр дүнд дээрх хугацаанд 10 гаруй голомтыг шинээр илрүүлсэн.

"Нэг хаалга-Нэг шинжилгээ" арга хэмжээ эхлэхээс өмнө Улаанбаатар хотод нийт 130 гаруй голомт, үүнээс идэвхтэй 30 гаруй голомт байгаа тухай мэдээлж байсан.

Харин 12 хоногийн хугацаанд хөл хөдөлгөөнийг 95-98 хувь хүртэл хязгаарласан нь голомтуудыг хумихад бодит үр дүн гарсан.

Голомтууд ер нь хяналтад орсон гэдгийг мэргэжлийнхэн хэлж буй. Далд хэлбэрээр ямар голомт, хаана байгааг хоёрдугаар сарын 23-ны өдөр эцэслэн гаргах юм.

Гэхдээ 23-наас хойш бүх эрсдэл зогссон гэсэн үг биш. Дэлхийн улс орнууд ч халдварын тархалтыг 100 хувь дараагүй байгаа тул маргаашаас халдвар хамгааллын дэглэмээ баримтлах шаардлагатай” гэв.

"Албан газрыг дагасан томоохон 16 голомт хяналтад орсон"

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Сүүлийн үед шинээр бүртгэгдэж байгаа голомтууд гэр бүлийн хүрээний голомтууд байгаа юм. Албан газрыг дагасан томоохон 16 голомтыг бид хяналтдаа авсан.

Хяналтад байгаа гэдэг нь батлагдсан тохиолдлуудыг олж, хавьтлуудыг нь тусгаарлаад шинжилгээ авсан байхыг хэлж байгаа юм.

Бид Улаанбаатар хотод гарсан халдварыг кластер байхад нь барьж чадсан. Өөрөөр хэлбэл, 415,000 орчим хүнд шинжилгээ хийхэд эерэг илрэлт нь 0.17 хувь байна. Энэ нь дэлхийн бусад улс, оронтой харьцуулахад кластер халдварыг гурван сар гаруйн хугацаанд барьсан үзүүлэлт.

Гэхдээ халдвар гарсаар байна. Дэлхийн улс орнуудад цар тахал хэлбэрээр, мутацид орсон байдлаар коронавируст халдвар тархаж байхад Монгол Улс халдварыг устгасан гэж хэлэх эрх байхгүй.

Тиймээс бид хувийн ариун цэврийг барьж, халдвар хамгааллын дэглэмээ сайтар баримтлах ёстой. Бид тайвшрах болоогүй” гэсэн юм.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/850288915517881