Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/02/22-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ-д Boeing 777 нисэх онгоцны хөдөлгүүр агаарт шатсан ослыг мөрдөн шалгаж байна

Т.Давааням, ikon.mn
2021 оны 2 сарын 22
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын United Airlines компанийн Boeing 777 нисэх онгоц Бямба гарагийн үдээс хойш Денвер хотоос Хонолулу хотын чиглэлд хөөрөөд удалгүй буцаж газардсан юм.

Нийт 231 зорчигч, нислэгийн багийн 10 гишүүнтэй уг онгоцны нэг талын хөдөлгүүр хөөрөөд удаагүй байхад шатаж эхэлсэн байна. 

Онгоц амжилттай газардаж, зорчигчдын амь насанд аюул учраагүй юм. Шатсан хөдөлгүүрийн хэсгүүд агаарт цацагдаж, хүн амын суурьшлын бүсэд унасан ч хохирол гараагүйг мэдээлжээ.

Сошиал орчинд шатаж буй хөдөлгүүр болон газар унасан хэлтэрхийнүүдийн зураг, дүрс бичлэг олноор тарсан байна.

Энэхүү ослын дараа АНУ-ын агаарын тээврийн удирдах байгууллага ижил загварын хөдөлгүүртэй Boeing 777 нисэх онгоцнуудад техникийн нарийвчилсан үзлэг, шалгалт хийхээр болсноо зарлажээ.

Ням гарагт United Airlines компани өөрийн 24 ийм загварын онгоцыг нислэгт ашиглахаа түдгэлзүүлсэн байна.

Шатсан хөдөлгүүр нь Pratt & Whitney компанийн үйлдвэрлэсэн P&W 4000 хөдөлгүүр юм.

Япон улсын тээврийн яам Japan Airlines, ANA Holdings компаниудад P&W 4000 хөдөлгүүртэй Boeing 777 нисэх онгоцнуудыг нислэгэд ашиглахаа түр зогсоох үүрэг өгчээ.

Тус яамны мэдээлснээр ANA компани 19, JAL компани 13 ийм загварын нисэх онгоцтой юм байна.

Эх сурвалж: Reuters, The Verge