Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/02/22-НД НИЙТЛЭГДСЭН

Израйль улс вакцин хийлгэсэн иргэддээ “ногоон паспорт” олгож эхэллээ

Э.Сэмүүн, ikon.mn
2021 оны 2 сарын 22
iKon.MN
Зураг зураг
Израйлийн ерөнхий сайд вакцины "Ногоон паспорт"-ыг танилцуулж байгаа нь

Pfizer вакцин 95.8 хувийн үр дүнтэй коронавирусийн халдвараас сэргийлж буй нь бодит амьдрал дээр тогтоогдсоны дараа Израйль улс хөр хорионы дэглэмээ алхам алхмаар сулруулж эхэлжээ.

Ням гарагаас эхлэн дэлгүүр, худалдааны төвүүд, номын сангууд, музейнүүд нээгдсэн байна.

Гэхдээ хүн хоорондын зай барих, амны хаалт зүүх дэглэм хүчинтэй хэвээр байгаа ажээ.

Эдгээрээс гадна фитнес төв, бассейн, зочид буудал, сүм хийдүүд зөвхөн вакцин хийлгэсэн иргэдэд үйлчлэхээр нээгдсэн байна. Вакцины хоёр дахь тунг хийлгэснээс хойш долоо хоногийн дараа гар утасны аппликэйшнд суулгасан, 6 сарын хугацаатай “ногоон паспорт”-ыг Израйлийн эрүүл мэндийн яамнаас олгож байгаа ажээ.

Концерт, спортын уралдаан тэмцээнүүд нийт суудлынхаа багтаамжийн 75 хувийн дүүргэлттэй, дотоод орчинд 300-аас хэтрэхгүй, гадна орчинд 500-аас хэтрэхгүй тооны үзэгчтэй зохион байгуулагдахаар болсон байна.

Израйлийн эрүүл мэндийн яам эдгээр арга хэмжээнүүдийг хэвийн амьдралд шилжих эхний алхам гэж нэрлэжээ. Тус улс арванхоёрдугаар сарын 27-ноос хойш гурав дахь удаагаа хөл хорионы хатуу дэглэмд байгаа юм.

Израйль улс өнөөдөр хүн амаа вакцинжуулсан үзүүлэлтээр дэлхийд тэргүүлж байна. Тус улсын хүн  амын 49 хувь нь коронавирусийн эсрэг вакцины ядаж нэг тунг хийлгээд байгаа юм.

Ерөнхий сайд Бенжамин Нетаньяху ирэх хоёр долоо хоногийн хугацаанд 50-аас дээш насны иргэдийнхээ 95 хувийг бүрэн вакцинжуулахаа амласан байна.

 

Эх сурвалж: BBC