Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/02/21-НД НИЙТЛЭГДСЭН

Халдвар хамгааллын дэглэмийг салбар бүрд сахиж ажиллах нь дахин хатуу хөл хорио тогтоохгүй байх үндэс болно гэв

Т.Саран, iKon.mn
2021 оны 2 сарын 21
iKon.MN
 
ulaanbaatar.mn

Энэ сарын 23-наас аж ахуйн нэгжүүдийн 95 хүртэлх хувийг салбар тус бүрийн тусгайлсан дэглэм журмаар хэвийн үйл ажиллагааны горимд шилжүүлэхээр шийдвэрлээд байгаа. Улмаар төрийн байгууллага, иргэн, хуулийн этгээдүүд халдвар хамгааллын дэглэм баримтлан үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломжтой болж байгаа.

Улмаар улс орны нийгэм, эдийн засгийн тогтвортой байдал хангагдах нөхцөл бүрдэх юм. Тиймээс Коронавируст халдварын тархалтын түвшин тогтоох, хэрэгжүүлэх үйл ажиллагааг зохицуулах түр журам, Худалдааны газрын үйл ажиллагаанд тавигдах тусгай нөхцөл шаардлагыг боловсруулсныг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээний хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Эрдэнэчимэг танилцуулав. 

13 төрлийн 59 үйл ажиллагаанд тусгай нөхцөл шаардана

Нийт 14 төрлийн 86 үйл ажиллагааны чиглэлээр түр журам боловсруулсан байна. Эдгээрээс 13 төрлийн 59 үйл ажиллагаа нь тусгай нөхцөл шаардах юм. 

Үүнд: 

  1. Худалдааны газар;
  2. Хоол үйлдвэрлэл, үйлчилгээ;
  3. Үсчин, гоо сайхан, хумс засал, нийтийн халуун ус, саун, усан бассейн;
  4. Амралтын газар, жуулчны бааз, зочид буудал, дэн буудал;
  5. Чийрэгжүүлэх, бялдаржуулах үйлчилгээ;
  6. Соёл урлаг, сүм хийд, үзвэр үйлчилгээ, олон нийтийн арга хэмжээ, хурал цуглаан;
  7. Сургалтын төвүүд;
  8. Тоглоомын төвүүд;
  9. Нийтийн тээврийн үйлчилгээ;
  10. Нийтийн зориулалттай орон сууц, нийтийн байр;
  11. Хүнсний барааны тээвэр, түгээлт;
  12. Буяны үйл ажиллагаа;
  13. Жагсаал цуглаан багтана.

 Мөн 02 дугаар сарын 23-ны өдрөөс Бүх нийтийн бэлэн байдлын зэргийг бууруулж, Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж байгаатай холбоотойгоор төрийн байгууллага, хуулийн этгээд, иргэд халдвараас сэргийлэх дэглэм сахиулах үүднээс хязгаарлах үйл ажиллагааг энэхүү журамд оруулж байгаа.

Тухайлбал, төрийн байгууллага уралдаан тэмцээн, аялал зугаалга зохион байгуулахыг хязгаарлах бол хуулийн этгээд, иргэдэд дээрх хоёроос гадна өргөтгөсөн болон үзэсгэлэн худалдаа, цахим тоглоомын газар, хүүхдийн тоглоомын төвийг хязгаарлаж байна. Мөн аж ахуйн нэгжид хамааралтай нэг заалт нь диско баарын үйл ажиллагааг мөн энэ түвшинд хязгаарлана гэдгийг ахлах мэргэжилтэн Б.Эрдэнэчимэг хэллээ. 

Ингэж авч хэрэгжүүлэх арга хэмжээг иргэд, олон нийтэд тодорхой болгосноор аж ахуйн нэгж, байгууллага үйл ажиллагаагаа урьдчилан зохицуулах нөхцөл бүрдэнэ. Хамгийн гол нь халдвар хамгааллын дэглэмийг салбар бүрд сахиж ажиллах нь дахин бүх нийтээр хатуу хөл хорио тогтоохгүй байх гол үндэс болно гэдгийг тодотгосон юм. 

Үйлчилгээний байгууллагууд дүрэм, журмаа баримталж ажиллах нь чухал

Улаанбаатар хотын хэмжээнд тусгай нөхцөл шаардлага, дэглэм журмаа мөрдөж ажиллахад иргэд, аж ахуйн нэгжүүдийн оролцоо маш чухал бөгөөд үүнд мэргэжлийн байгууллагууд хяналт тавьж, арга зүйн зөвлөгөө өгч ажиллахыг Засаг дарга үүрэг болгов.  Тэрбээр “Хяналт тавина гэдэг зөрчлийг нь илрүүлж, хааж торгоод, дарамтлаад байхын нэр биш. Болж байгаа нь сайн, харин болж чадахгүй байгаад нь аргазүйн зөвлөгөө өгч, дэмжин туслахын нэр шүү” гэдгийг  мэргэжлийн байгууллагуудад сануулж хэллээ.

Мөн “Энэ сарын 23-наас нийслэл хот нийтлэг журам, тусгай нөхцөл шаардлагаа мөрдөж, амьдралын шинэ хэмнэл рүү орж байгааг ойлгох ёстой. Дэлхий нийтээрээ ийм чиг хандлагатай байна. Эдийн засгаа сэргээх, аж ахуйн нэгжүүд орлоготой, ард иргэд ажилтай байх, хот нийтийн аж ахуйн үйл ажиллагаа ч үр дүнтэй болох хэрэгтэй. Иргэн-аж ахуйн нэгж-төр гэсэн байдлаар хаана хаанаа хариуцлагатай байх ёстой.

Үйл ажиллагаа явуулж буй үйлчилгээний байгууллагууд дүрэм, журмаа баримталж ажиллах нь чухал бөгөөд хот бүх талаар дэмжих болно” гэлээ.