Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/02/20-НД НИЙТЛЭГДСЭН

Арабын Нэгдсэн Эмиратын гүнж амьд байгааг батлан харуулахыг НҮБ шаарджээ

Т.Давааням, ikon.mn
2021 оны 2 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Гүнж Латифа

Дубайн захирагчийн сураггүй болсон охин амьд байгааг батлан харуулахыг НҮБ-ын төлөөлөгч Арабын Нэгдсэн Эмират Улс (АНЭУ)-ын засгийн газраас өчигдөр шаарджээ.

Одоо 35 настай гүнж Шэйха Латифа бинт Мохаммед нь АНЭУ-ын бүрэлдэхүүнд багтдаг Дубай эмиратын захирагч Шэйх Мохаммед бин Рашид аль Мактумын хоёр дахь охин юм. Тэрбээр 2018 онд хөрш Оман улсаар дамжин гэрээсээ оргож байжээ.

Хоёр найзын хамт моторт завиар Энэтхэгийн баруун эрэгт хүрэх үед нь түүнийг баривчилж, Арабын Нэгдсэн Эмират Улсад хүлээлгэн өгч байв.

Удаан хугацаанд сураггүй байсан Латифа энэ долоо хоногт далайн эргийн харшид хоригдож байгаагаа видео бичлэгээр нийтэд мэдээлсэн юм. Угаалгын өрөөндөө хийсэн уг бичлэгт тэр “Бүх цонх нь түгжээтэй, таван цагдаагаар гаднаа мануулсан байранд би хоёр эмэгтэй цагдаагийн хяналт дор хоригдож байна. Би гадаа гарах эрхгүй, цэвэр агаар амьсгалж чадахгүй байна. Энэ бичлэгийг би угаалгын өрөөнөөсөө хийлээ. Учир нь миний дотроос нь түгжиж чадах ганц өрөө энэ юм. Би энд яг боол мэт хоригдож байна” гэж ярьжээ.

 
Дубайн захирагч, шэйх Мохаммед бин Рашид аль Мактум

Өчигдөр Арабын Нэгдсэн Эмират Улсын Лондон дахь элчин сайдын яам цацагдсан бичлэгийг худал хуурмаг агуулгатай гэж мэдэгдээд “Гүнж өөрийн гэр бүлийнхэн болон эмч нарын халамжинд байгаа. Бие, сэтгэл санааны байдал нь сайжирч байгаа тул удахгүй хэвийн амьдралд шилжих болно” гэсэн юм.

НҮБ-ын хүний эрхийн дээд комиссар Мишель Бачелет өчигдөр хийсэн мэдэгдэлдээ “Энэ долоо хоногт тарсан видео бичлэг бидний санааг их зовоолоо. Бодит нөхцөл байдлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхийг АНЭУ-аас шаардаж байна. Гүнж амьд байгааг батлан харуулах хэрэгтэй” гэжээ.

Дубайн шэйхийн хамгийн залуу гэргий, гүнж Хаяа 2019 онд мөн гэр бүлийн хатуу дэглэм, дарамтаас хоёр хүүхдийн хамт зугтаж, Герман улсаас улс төрийн орогнол хүсэж байсан юм.

 

Эх сурвалж: The Guardian