Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/02/20-НД НИЙТЛЭГДСЭН

Ким Кардашян нөхөр Кэни Уэстээс салах өргөдөл гаргасан тухай мэдээлжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2021 оны 2 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Америкийн шоу бизнесийн од Ким Кардашян өөрийн нөхөр, рэппер Кэни Уэстээс салах өргөдөл гаргасан тухай АНУ-ын хэвлэлүүд өчигдөр мэдээлжээ.

Тэд гэрлээд бараг долоон жил хамт амьдарч байгаа ба өнгөрсөн хугацаанд дөрвөн хүүхдийн эцэг, эх болсон юм.

Сүүлийн хэдэн сарын турш тэдний хамтын амьдрал ээдрээ, хямралтай байгаа тухай мэдээлэл хэвлэлүүдээр цацагдаж байв. Одоо 40 настай Ким Кардашян анх 2007 онд гэр бүлийнх нь тухай реалити шоуны од болж, алдаршсан юм.

E! Television сувгийн энэ шоу маш их амжилт олж, 21 дэх буюу сүүлчийн бүлгээ ирэх онд үзэгчдэд хүргэх гэж байна.

Реалити шоунаас гадна Кардашян өөр олон төрлийн бизнес санаачилсан нь амжилттай болж, Форбс сэтгүүлийн тооцоолсноор $780 саяын хөрөнгөтэй болжээ.

Түүний нөхөр Кэни Уэст сүүлийн 15 жилийн турш Америкийн рэп хөгжмийн хамгийн алдартай уран бүтээлчдийн нэгт тооцогдож байгаа.

Грэммийн шагнал хүртэж байсан Уэст бас хувцас загварын салбарт амжилт олсон нэгэн юм.

Тэд гэрлэхээсээ өмнө олон жил үерхэж, 2010 онд Кардашяны шоунд Уэст анх удаа оролцож байв.

Алдарт хос 2014 онд буюу ууган охин нь төрснөөс хойш нэг жилийн дараа Италид сүр дуулиантай хуримлаж байжээ.

 

Эх сурвалж: BBC