Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/02/20-НД НИЙТЛЭГДСЭН

NASA-гийн станц Ангараг гарагт газардахаас өмнө авсан сэлфигээ дэлхийд ирүүлжээ

Р.Түвшин, iKon.mn
2021 оны 2 сарын 20
iKon.MN
Зураг зураг

NASA-гийн судлаачид өчигдөр Ангараг гарагт газардсан Perseverance робот станцаас ирүүлсэн бас нэг гэрэл зургийг нийтэд үзүүлжээ.

Энэ бол Ангарагийн гадаргуу дээр буухаасаа хэдхэн секундын өмнө авсан сэлфи зураг юм. 

Түүхэнд үлдэх энэхүү гэрэл зургийг уян холбоосоор станцыг доош буулгаж байсан “Sky crane” буюу тэнгэрийн өргөгч дээр байрлуулсан камернаас авсан байна.

Зураг дээр тэнгэрийн өргөгчөөс гурван кабелаар дүүжлэгдсэн Perseverance станц, холбооны кабель зэргийг харуулжээ.

Мөн тэнгэрийн өргөгчийн тийрэлтэт хөдөлгүүрээс үүссэн тоос Ангарагийн гадаргуу дээрээс боссоныг харж болохоор байна.

Үүнээс хэдхэн секундын дараа станцын зургаан дугуй Ангарагийн хөрсөнд хүрч, тэнгэрийн өргөгч кабелиа салгаад нисэж холдсон юм. Тэрбээр станцын ажиллагаанд саад болохооргүй зайнд холдсоныхоо дараа Ангарагийн гадаргуу дээр унаж устах ёстой.

Энэ нь дэлхийгээс өөр гараг дээр робот станц бууж байгааг ойроос тодорхой харуулсан хамгийн анхны гэрэл зураг юм.

Ирэх долоо хоногт NASA илүү олон дүрс бичлэг, гэрэл зураг, аудио бичлэгийг хүмүүст сонирхуулахаар төлөвлөжээ. Эдгээрийг Ангарагийн тойрог замд байгаа сансрын хөлгийн зургаан камераар буулгасан юм байна.

Эндээс Perseverance робот станцын газардах үйл явцыг эхнээс нь дуустал харах боломжтой байх гэнэ.

Perseverance станц Ангарагийн эртний нуурын ёроол байсан хонхорт ажиллаж, тус гарагт амьдрал оршиж байсан эсэхийг судлахад чухал хэрэгтэй чулуулгын дээжийг цуглуулах юм. Ангарагийн хөрсийг өрөмдөж цуглуулсан дээжээ станц цилиндр хэлбэрийн савнуудад хадгалж үлдээх ба ирээдүйд Ангараг руу илгээх хоёр хөлөг тэдгээрийг 2031 онд дэлхийд авчрахаар төлөвлөгджээ.

 

Эх сурвалж: Reuters