Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/02/19-НД НИЙТЛЭГДСЭН

Pfizer вакциныг 18-аас дээш насныхан 21 хоногийн зайтай 0.3 мл хоёр тунг хийлгэнэ

ikon.mn
2021 оны 2 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Одоогийн байдлаар дэлхий дахинд Ковид-19-ийн эсрэг 232 вакцин хөгжүүлэх судалгаа хийж байгаагаас 60 гаруй нь эмнэл зүйн туршилтын шатанд байна. 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр ДЭМБ-аас Pfizer/BioNTech вакциныг (Comirnaty COVID-19 mRNA) яаралтай горимоор хэрэглээнд гаргах зөвшөөрөл олгосон. Pfizer вакцин нь -70°C хэмд хадгалж тээвэрлэх, 2-8°C хэмд 5 хоног хүртэл хадгалах горимтой, 6 хүн/тунгаар савлагдсан, 0.3 мл-ээр таригдах дэлхий дахинд анх удаа шинэ технологиор хөгжүүлэн гаргаж авсан.

Pfizer вакцины хувьд харшлын суурьтай хүмүүст урвал өгөх магадлал байна гэж үзсэн

Энэ оны 2 дугаар сарын 15-нд ДЭМБ-аас АстраЗенека /Оксфордын их сургуулийн хамтарсан вакциныг яаралтай горимоор хэрэглэх зөвшөөрөл олгожээ. Яаралтай горимоор хэрэглэх жагсаалтад орсон вакцины чанар, аюулгүй байдал, үр дүнг ДЭМБ үнэлдэг бөгөөд улс орнууд үндэснийхээ түвшинд зөвшөөрөл олгох, бүртгэх, баталгаажуулалт хийх боломжтой. Уг  вакцин нь гүн хөлдөөгчид хийх шаардлагагүй 2-8°C хэмд хадгалдаг.

Халдварт өвчний эсрэг өвөрмөц дархлал үүсгэдэг бэлдмэлийг вакцин гэнэ. Ковид-19-ийн эсрэг вакцин нь халдвараас сэргийлэх, тархалт, хүндрэл эндэгдлийг бууруулах зорилготой. Вакцины үйлдвэрлэл, төрлөөс шалтгаалан тодорхой товлолоор хийдэг. Тухайлбал: Pfizer-BioNTech КОВИД-19 вакциныг 18-аас дээш насныхан 21 хоногийн зайтай 0.3 миллилитр хоёр тунг хийлгэнэ.

ДЭМБ-аас гаргасан вакцины зорилтот бүлэг: 

  • Эрүүл мэндийн байгууллагын ажилтан 
  • Халдварын голомтод ажиллаж байгаа онцгой байдал, цагдаа, мэргэжлийн хяналт, хил хамгаалах байгууллагын ажилтан
  • 50 ба түүнээс дээш насны хүмүүс, архаг хууч өвчтэй, хөгжлийн бэрхшээлтэй иргэд ...гэх мэт.
ДЭМБ-аас зөвшөөрөл авсан болон бүтээгдэж байгаа вакцинуудын хувьд судалгааны бүтээл хангалттай биш байгаа учраас жирэмсэн эмэгтэйчүүдэд вакцин хийлгэхийг зөвлөхгүй байгаа. 
Халдвар аваад эдгэрсэн хүнд гурван сарын дараа вакцин хийхийг зөвлөж байна. Ингэхдээ улс орон бүр дотооддоо мэргэжлийн байгууллагууд нь зөвлөлдөөд хэдэн тунгаар дархлаажуулахаа шийдэж байгаа. 


Эх сурвалж: ЭМЯ