Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/02/19-НД НИЙТЛЭГДСЭН

Цар тахлын улмаас АНУ-ын хүн амын дундаж наслалт нэг жилээр буурчээ

Т.Давааням, ikon.mn
2021 оны 2 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Коронавирусийн цар тахлын улмаас АНУ-ын хүн амын дундаж наслалт 2020 оны эхний хагаст бүтэн нэг жилээр буурсныг өчигдөр тус улсын эрүүл мэндийн байгууллага мэдээлжээ.

Тодруулбал Америкчуудын дундаж наслалт өнгөрсөн оны эхний зургаан сарын хугацаанд 77.8 болж буурсан байна.

“Энэ бол асар том бууралт” гэж АНУ-ын Халдварт Өвчний Хяналтын Төвийн статистикийн газрын захирал Роберт Андерсон ярьжээ.

Хүн амын дотрох угсаатны цөөнхийн хувьд нөхцөл байдал бүр хүнд байгааг тэр бас хэлсэн юм.

Тухайлбал африк гаралтай эрчүүдийн дундаж наслалт 2020 оны нэгээс зургаадугаар сарын хооронд гурван жилээр буурчээ.

Ижил хугацаанд испани хэлтэн эрчүүдийн дундаж наслалт 2.4 жилээр буурсан бол эмэгтэйчүүдийн дундаж наслалт 1.1 жилээр буурсан байна.

“Зөвхөн Дэлхийн Хоёрдугаар дайны үед ийм бууралт гарсныг харж болно” гэж доктор Андерсон сэтгүүлчдэд тайлбарлажээ.

Ерөнхийд нь дүгнэвэл Америк эрчүүдийн дундаж наслалт 2019 оныхоос 1.2 жилээр буурч 75.1 болсон бол эмэгтэйчүүдийн дундаж наслалт нэг жил орчмоор буурч, 80.5 болсон байна.

Үүнд коронавирусийн цар тахал голлон нөлөөлсөн гэж судлаачид дүгнэжээ. 2020 онд АНУ даяар бүртгэгдсэн нийт нас баралтын өсөлтийн гуравны хоёр нь коронавирусийн халдвартай холбоотойг тогтоосон байна.

АНУ-д нийтдээ 490,000 гаруй хүн Covid-19 өвчний улмаас нас барсан нь дэлхийд хамгийн өндөр үзүүлэлт болж байгаа юм.

Гэхдээ дээрх тоо нь 2020 оны эхний зургаан сарын үр дүн бөгөөд оны хоёрдугаар хагаст нөхцөл байдал бүр дордох төлөвтэй байна.

 

Эх сурвалж: BBC