Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/02/18-НД НИЙТЛЭГДСЭН

Ж.Оюунбилэг: Цагаан цэцэг, халдварт саа өвчнийг ялсан шиг коронавирусийг ч бид ялж чадна

Т.Саран, iKon.mn
2021 оны 2 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

"COVID-19"-ын эсрэг вакцины тухай Боловсрол шинжлэх ухааны доктор, профессор, Ж.Оюунбилэг мэдээлэл өглөө. 

Тэрбээр "Аливаа халдварт өвчний үед тухайн хүн амын 70-75 хувьд нь дархлаа тогтвол халдварт өвчний дэгдэлт зогсоно гэж үздэг. Халдварыг зогсоох арга нь вакцинжуулалт юм. Энэ өвчний үед ч гэсэн шинжлэх ухаан технологийн хөгжлийн үр дүнд олон вакцин гарч, бэлэн боллоо.  

Модерна вакцинд 15,000, Файзэр вакцинд 43,500 хүнийг хамруулж, туршилт хийсний үндсэн дээр ДЭМБ-ын яаралтай хэрэглэх вакцины жагсаалтад орсон байна. Дараагийн нэг төрлийн вакцин бол векторийн вакцин юм. Энэ төрлийн судалгааг олон улс оронд хийж байна. Уг вакцины гуравдугаар шатны туршилтад 30-40 мянган хүн хамрагдаж, дархлалын үзүүлэлтүүдийг төрөл зүйлээр нь ялган тогтоосон.

Бас нэг төрлийн вакцин бол идэвхгүйжүүлсэн вакцин юм. Энэ вакцины тухайд гэвэл сонгодог технологи. Тус вакцины туршилтын ажил нь мөн л олон оронд хийгдэж байна. Манай улсад галзуугийн халдварыг эмчилж, сэргийлэх вакциныг хийж байсан. 

Дараагийнх нь уурагт суурилсан вакцин. Уг вакцины гол төлөөлөгчид нововакс уургийн дэд төрлийн вакцины судалгаа эцсийн шатандаа орж байна. Эдгээр вакцины аюулгүй байдлыг эмнэлзүйн 1, 2, 3 дугаар шатанд судлан тогтоосон. Манай улсын эмийн тухай хуульд зааснаар аливаа эмийн бэлдмэлийн аюулгүй байдлыг үндэсний хяналтын лаборатори судлан тогтоох ёстой, зөвхөн лабораторийн шинжилгээ хийсэн эмийг бүртгэнэ гэж хуульчилсан байдаг. Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс уг лабораторийг шинэчлэн байгуулж, шинжилгээг хийхэд бэлэн байна.

Дэлхий дахинд нийт халдварын тохиолдол 15 хувиар буураад байна

Аюулгүй байдал, хорон, ариун, халууруулах чанарыг судлан тогтоодог гол үзүүлэлт бол дархлалын үзүүлэлтийг судлан тогтоох юм. Эдгээр вакцины найрлага болон саяны дурдсан үзүүлэлтүүдийг олон улсын болон үндэсний хяналтын байгууллагууд шалгаж хангалттай болохыг тогтоосон байна. Аливаа вакцинд дархлал үүсгэгч уургаас гадна түүнийг хадгалах, тогтворжуулах бодис, зарим төрлийн фосфатын болон калийн давсыг нэмж өгдөг арга зүй байдаг. Энэ бүхний үр дүнд Модерна, Файзэр болон векторийн вакциныг хэрэглэх бололцоо бүрдэж байна.

Мөн вакцины үйлдвэрлэлд олон жил хэрэглэсэн идэвхгүйжүүлсэн вакцин, манай улсад өргөн хэрэглэгдэж байгаа уурагт суурилсан зэрэг дөрвөн төрлийн вакциныг манай хүн ам хэрэглэхэд бэлэн боллоо. Өвчлөл өндөр байгаа АНУ, ОХУ, Бразил зэрэг таван улс вакцинд олон сая иргэдээ хамруулаад байна. Үүний үр дүнд дэлхий дахинд нийт халдварын тохиолдол 15 хувиар буураад байна. ОХУ-д хоногт гарч буй тохиолдлын тоо 50 гаруй хувиар буурсан. Хэрэглэхэд бэлэн болсон дөрвөн төрлийн вакциныг хэрэглэснээр аюулт өвчнийг хяналтад авахад тус болно.

Та бүхнийг чанар, аюулгүй байдал нь олон улсын болоод үндэсний хяналтын байгууллагад хянагдаж баталгаажсан эдгээр вакциныг тариулж, аюулт өвчнийг ялахад хувь нэмэр оруулахыг уриалж байна.

Монгол Улс дэлхий дахинд бүр мөсөн устгахаас 40 жилийн өмнө цагаан цэцэг гэдэг аюулт өвчнийг устгасан. Мөн халдварт саа өвчнийг 20 жилийн өмнө устгасан. Цагаан цэцэг, халдварт саа өвчнийг ялсан шиг коронавирусийг ч гэсэн бид ялж чадна" гэлээ.