Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/02/18-НД НИЙТЛЭГДСЭН

Уул уурхайн супер циклд Монгол бэлэн үү

ikon.mn
2021 оны 2 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монголын эдийн засаг энэ онд яах вэ. Хүндрэлтэй нүүр тулсан салбарууд эргэн сэргэх үү. Экспортын орлогын гол эх үүсвэр болох уул уурхайн салбарт нааштай өөрчлөлт гарах уу. Эдийн засаг, тэр тусмаа уул уурхайн салбарт 10 жилийн өмнө тохиож байсан алтан үе ирж байна уу, хэрэв ирж байгаа бол бид үүнд бэлэн үү. Эдгээрт хариулт өгсөн, зах зээлийн чиг хандлагыг тодорхойлсон хэлэлцүүлэг цахим орчинд боллоо.

Clubhouse платформ дотор дээрх халуун яриа өрнөсөн юм. Энэхүү хэлэлцүүлэгт эдийн засаг, уул уурхайн салбарын бүх талын оролцогчид орж ирлээ. Төр, хувийн хэвшлийн төлөөлөл ч өөрсдийн байр сууриа илэрхийлж, супер циклийн талаар хэрхэн байр сууриа илэрхийлснийг оролцогчдын зөвшөөрснөөр хүргэж байна.

Б.Дөлгөөн: Өмнөх алдаагаа бид одоо давтаж болохгүй

/Үндэсний хөгжлийн газрын дэд дарга/

Супер цикл эргэн ирж байгаа хэдий ч бид илүү болгоомжтой хандах ёстой. Хэт өөдрөг, бүх зүйл сайн сайхан болно гэж төсөөлж болохгүй. Эрсдэлтэй нөхцөлүүдээ сайн тооцоолох, муу зүйл боллоо гэхэд ямар байдалд орохоо урьчилж харж явах хэрэгтэй. Бодит, хөрсөн дээрээ буусан, хэт өөдрөг биш төлөвлөлтөөр супер циклд хандах нь зүйтэй болов уу. Өмнөх алдагаа бид одоо давтаж болохгүй.

Б.Батхүү: Өсөн нэмэгдэх нөөц ашигласны төлбөрийг эргэж харах цаг нь болсон

/Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга асан/

“Бид өмнө “Эрдэнэт үйлдвэр”-ээс Монголд ирэх ашгийг нэмэгдүүлэх зорилгоор зэсийн салбарт өсөн нэмэгдэх нөөцийн төлбөр гэгчийг бий болгож, үндсэн суурь 5% дээр үнийн өсөлтөөс хамааруулаад нэмэлтээр 15% буюу нийт 20% байхаар өсгөж байсан. Оросууд тухайн үед зардлаа нэмээд Монголд ашиг өгөхгүй байсан учир бид ийм арга хэмжээ авсан. Тухайн үед Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд газрын дарга байхдаа үүнийг гардаж хийсэн юм. Ингээд борлуулалтын орлогоос авдаг өсөн нэмэгдэх АМНАТ бий болсноор “Эрдэнэт үйлдвэр”-ээс Монголд орж ирэх орлого эрс нэмэгдсэн. Одоо тус үйлдвэрээс оросууд гарсан. Энэ татвар үүргээ гүйцэтгэсэн. Оюутолгойн хувьд хөрөнгө оруулалтын гэрээгээр 5%-ийн АМНАТ төлдөг. Цагаан суварга, Эрдэнэтэд энэ өсөн нэмэгдэх роялти их дарамт болж байгаа. Үүнээс болж үүсээд буй нэг муу тал нь зэсийн хайгуулд хөрөнгө оруулалт зогссон. Одоо энэ асуудлыг эргэн харах хэрэгтэй. 

Л.Наранбаатар: Супер цикл эргэн ирж буйтай санал нэг байна

/Уул уурхайн эдийн засагч/

Нэг унц алтны үнэ 1,800 ам.доллар, угааж баяжуулсан коксжих нүүрс тонн тутамдаа Ганцмод боомтод 200 ам.доллар, зэсийн үнэ 8,400 ам.доллар болж өслөө. Goldman Sachs зэрэг банкууд “Уул уурхайн супер цикл эргэн ирлээ” гэж сүүлийн 7 хоногт мэдээллэх болсон. Миний хувьд супер цикл эргэн ирж буйтай санал нэг байна. Коронавирусээр дэлхийн эдийн засаг уналтын доод хэмжээндээ хүрсэн. Одоо вакцин гарчихлаа. Хятадад эдийн засаг нь сэргэж байна. Гангийн үнэ өслөө. Хятад ихэнх металлын дэлхийн хэрэглээний бараг талыг дангаараа хэрэглэдэг. Цахилгаан машины үйлдвэрлэл нэмэгдэх зэргээс харахад супер цикл эргэн ирж буй бүх шинж тэмдэг нь байна.

Г.Батцэнгэл: Супер цикл эргэн ирж буй энэ боломжийг ашиглаж хайгуулын салбараа сэргээх шаардлагатай

/“Энержи Ресурс” компанийн гүйцэтгэх захирал/

Супер цикл эргэн ирж байна. Монголчууд өмнөх супер циклийн үе буюу 2010 оны үед хүний нөөц, бэлтгэн нийлүүлэгч компаниудын хувьд бэлэн биш байлаа. Харин өнөөдөр бол харьцангуй сайн бэлтгэгдсэн байна. Уул уурхайн зөвлөх үйлчилгээ, инженеринг, гэрээт олборлогчид, хайгуул, тоног төхөөрөмжийн худалдаа, түрээс, ханган нийлүүлэлтийн салбарт тодорхой дэвшил гарч, хүний нөөцийн хувьд ч бэхэжжээ. Өмнөх алдаан дээрээсээ суралцаж, урагшаа явах ёстой. Хайгуулын салбарт хөрөнгө оруулалт зогссон. Супер цикл эргэн ирж буй энэ боломжийг ашиглаж хайгуулын салбараа сэргээх, энэ салбарт хөрөнгө оруулалт татах шаардлагатай.

Мөн уг хэлэлцүүлэгт оролцсон УИХ-ын гишүүн Х.Ганхуяг түүхий эдээ тээвэрлэх дэд бүтэц нь бэлэн байсан бол ахиу ашиг олох байсныг дурдаад зорилтот зах зээлд хүрэх төмөр замаа цаг алдахгүй ашиглалтад оруулах хэрэгтэйг хэлсэн бол Г.Дамдинням “Хайгуулыг сэргээх хэрэгтэй. Орон нутгийн харилцааг илүү анхаарах ёстой. Улсын төсвөөр суурь судалгааг хийгээд, түүн дээрээ хувийн хэвшлийн хөрөнгөөр эрсдэл гаргаж хайгуул хийлгэх тогтолцоог оновчтой бүрдүүлэх шаардлагатай” хэмээн байр сууриа илэрхийлэв.

“Уул уурхайн супер циклд бид бэлэн үү” хэлэлцүүлгийн төгсгөлд Модератор Л.Наранбаатар дараах дүгнэлт хийхдээ “Гадаадын хөрөнгийн биржид бүртгэлтэй Монголын нүүрс, зэсийн компаниудын хувьцааны ханш өсөж байна. Хайгуулын салбарт улсаас хөрөнгө хаях хэрэгтэй. Гэхдээ зөвхөн суурь судалгаанд буюу эрэл, зураглалын ажилд. Энэ онд 20 гаруй тэрбум төгрөг төсөвлөсөн нь хангалтгүй. 100 тэрбум төгрөг дор хаяж зарцуулах хэрэгтэй. Зураглалаар хайгуул хийх илэрцтэй талбайгаа улс тогтоочихоод тэндээ хөрөнгө мөнгөтэй, мэргэжлийн компаниудаар хайгуул хийлгэх нь зүйтэй. Ингэж чадвал хайгуулд жилд 2-3 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт татаж чадна. Зэсийн салбарт анхаарах хэрэгтэй. Хоёр дахь “Оюутолгой”-г олохын тулд өсөн нэмэгдэх нөөц ашигласны төлбөрийг эргэн харах шаардлагатайг анхаарах. Хүний нөөцийн хувьд, техник технологи, ханган нийлүүлэлтийн компаниудын хувьд чадавхи эрс сайжирсан, Монголчууд олборлолт, хайгуулаа өөрсдөө хийх боломжтой болсон нь дараагийн супер циклд ороход давуу тал болж байна. Салбарыг улстөржилт, популизмын хийрхэлээс хол байлгах, АМТХ-ын өөрчлөлтийг өнгөрсөн алдаан дээрээ үндэслэж лицензийн наймааг таслан зогсоох, хөрөнгө оруулалт татаж илүү олон төсөл, илүү олон ажлын байр, илүү хариуцлагатай уул уурхайн компаниуд бий болгох чиглэлд өөрчлөлт оруулах шаардлагатай. Салбарын эрдэмтэд, судлаачид, хөрөнгө оруулагч, үйлдвэрлэгчид, шийдвэр гаргагч нар нягт хамтран ажиллах нь зүйтэй” гэлээ.

 

Б.Батбаяр