Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/02/18-НД НИЙТЛЭГДСЭН

NASA-гийн робот станц Ангараг гарагт газардахаар бэлдэж байна

Р.Түвшин, iKon.mn
2021 оны 2 сарын 18
iKon.MN
Зураг зураг

NASA-гийн Ангараг гараг руу илгээсэн Perseverance судалгааны робот станц долоон сарын хугацаанд 470 сая километр урт зам туулсны эцэст газардахад бэлэн болжээ.

Станцыг газардуулах ажиллагаа Улаанбаатарын цагаар маргааш өглөө эрт үүрээр болох юм.

Ангараг гарагт илгээсэн бүх робот станцуудын бараг 50 хувь нь газардах үедээ сүйрсэн байдаг. Тиймээс хамгийн хүнд хэцүү энэ ажиллагааг NASA “аймшигт долоон минут” гэж нэрлэдэг байна.

Өөрөөр хэлбэл дэлхийгээс Ангараг хүртэл аялалын хамгийн хүнд хэцүү хэсэг нь сүүлчийн долоон минутын хугацаанд болдог ажээ.

Хэрвээ Perseverance хөлөг амжилттай газардвал Ангарагийн хөрснөөс амьдралын ул мөрийг олж илрүүлэх томоохон судалгаа эхэлнэ. Уг хөлөг өмнө нь хэзээ ч Ангараг гараг дээр ашиглаж байгаагүй нарийн багаж төхөөрөмжөөр тоноглогдсон байна.

Газардах цэг нь Ангараг гарагийн Езеро хонхор юм. Энэ хонхорт эрт цагт нуур байсан тул ёроолоос нь амьдралын ул мөр олдох хамгийн өндөр магадлалтай.

Perseverance станцын газардах үйл явцыг Улаанбаатарын цагаар харуулбал:

  • 4:48 цагт станц Ангарагийн агаар мандалд нэвтрэн орно.
  • 4:52 цагт шүхэр дэлгэгдэнэ.
  • 4:54 цагт тийрэлтэт хөдөлгүүрээр уналтын хурдыг удаашруулж эхэлнэ.
  • 4:55 цагт станцын зургаан дугуй Ангарагийн хөрсөнд хүрнэ.
 

Газардах үйл явцын дараалал дараах үе шаттай явагдана.

  1. Ангарагийн агаар мандалд станц нэвтрэн орно. Энэ үед 20,000 км/цаг хурдтай унаж эхэлнэ.
  2. Станцын гадна бүрхүүл үрэлтийн улмаас дээд хэмжээндээ хүртэл халах үед шүхэр задарна.
  3. Шүхэр задарсны дараа станцын гадна бүрхүүлүүд ээлж ээлжээр сална.
  4. Шүхэртэй бүрхүүлээсээ бүрэн салсны дараа “Sky crane” буюу тэнгэрийн өргөгчийн тийрэлтэт хөдөлгүүрүүд ажиллаж станцын уналтын хурдыг удаашруулна.
  5. Гадаргаас тодорхой өндөрт хүрсний дараа “Sky crane” уян холбоосоор Perseverance станцыг доош буулгана.
  6. Станцыг буулгасныхаа дараа “Sky crane” нисэж холдоно.

Ангараг гарагт робот станц буулгах 14 оролдлогын найм нь амжилттай болж байжээ. Эдгээр наймыг бүгдийг нь Америкчууд гүйцэтгэсэн юм.

Тиймээс энэ удаа Perseverance станцыг амжилттай газардуулж чадна гэдэгтээ NASA итгэлтэй байна.

 

Эх сурвалж: BBC