Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/02/18-НД НИЙТЛЭГДСЭН

Хот, тосгоны хууль ба Монгол Улс дахь засаг, захиргааны шинэтгэл

ikon.mn
2021 оны 2 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Хууль зүйн доктор А.Бямбажаргалын нийтлэлийг хүргэж байна. 

НЭГ. Хотын байгуулах гэдэг дан ганц засаг, захиргааны буюу эрх зүйн салбарын асуудал биш

Бидний дунд тренд болж буй Clubhouse-ийн нэг өрөөгөөр шагайв. Гэтэл тэнд олон орны залуус өөрсдийн соёл, уламжлалын талаар ярилцах аж. Тэнд дунд нэгэн Монгол залуугаас танай улс ганц л хоттой биз дэ? Гэх асуулт асуув.

Нээрээ ч бодоход бид хотын гэх суурийн соёл иргэншлийг Улаанбаатараар л төсөөлдөг.

Манай улс өргөн уудам газар нутагтай, хүн ам цөөнтэй, дэлхийн бөмбөрцгийн хойд хэсэгт хоёр том хөршийн дунд орших геополитикийн өвөрмөц байрлалтай.

Дээр нь дэлхий дээр цөөн үлдсэн нүүдлийн соёл иргэншилийн биет болон биет бус өвийг тээж буй дэлхий цөөнх.

Эдүгээ дэлхий дахинд суурин соёл иргэншлийг сонгох хүний тоо өдрөөр бус бүр секунд тутамд нэмэгдэж буй бөгөөд судалгаагаар 2050 он гэхэд 7 тэрбум хүн (бараг бүх хүн) хотод амьдрах тооцоо буй.

Бид түүхэндээ эртний нийслэл Хорхорум хотыг байгуулснаас хойш Зөвлөлтийн төлөвлөлтөөр бий болгосон Эрдэнэт, Дархан, Чойр зэрэг хотыг л өнгөрсөн 100 жилд бий болгожээ.

Гэтэл орчин цагт хот суурин газар төлөвлөлтгүйгээр нэг ч алхахгүй болсон.

Бид тэгвэл энэ зүйлд хэр бэлэн байгаа бэ? Гэдэг асуулт үүнээс урган гарна.

2019 онд Үндсэн хуульд орсон Хот, тосгонтой холбогдох зохицуулалтыг бид хэт махчилж өнөөгийн аймгийн төв буй сумдыг шууд Хот гэж нэрлээд л хэрэгжинэ гэж харж буй бол дэндүү богино бодож буйн хэрэг. Мөн энэ хууль зөвхөн зөвлөлтийн төлөвлөлтөөр бий болгосон Дархан, Эрдэнэтийн нэрийг өөрчлөх хууль биш юм.

Яагаад гэвэл Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр бий болгосон эрх зүйн боломж дээрхээс хавьгүй холыг харж цааш явах зам гаргасан.

Хот, тосгоны хууль нь дан ганц өнөөгийн аймгийн төвийн сумдын нэрийг Хот гэж өөрчлөх, Орхон, Дархан-Уул аймгийг Хот гэж нэрлэх төдий бус Монгол Улс урт хугацаандаа хэрхэн хөгжих вэ гэдэг асуултад хариулт өгөх түлхүүр болох юм.

Тиймдээ ч Хот, тосгоны хууль бол дан ганц Засаг, захиргааны шинжтэй хууль биш билээ!

ХОЁР. Хотын талаарх бодол, төсөөлөл, хандлагаа өөрчлөх шалтгаан 

1992 оны Үндсэн хууль батлагдахаас өмнө Хот гэх засаг захиргааны нэгжтэй байсан. Үүний дагуу өнөөгийн 18 аймгийн төв, Дархан, Эрдэнэт, Чойр хот нь засаг, захиргааны нэгж байв. Дахин сануулахад Дархан, Эрдэнэт, Чойр хотууд бол бүхэлдээ зөвлөлтийн төлөвлөлтөөр үүссэн суурин газрууд.

Тэгвэл 1992 оны Үндсэн хуулиар Хот, тосгоныг нэгжээс салгаж тодорхойлсон шалтгаан бол өнгөрсөн хугацаанд бий болж байсан суурин газрууд болох “Уурхай, Тэжээлийн аж ахуй, Сангийн аж ахуй” зэрэг үйлдвэрийн хотхон үүсэх бүрт тэнд Засаг захиргааны нэгж байгуулан тэдэнд хавсаргадаг гажуудалтай холбоотой юм.

Энэ нь угтаа суурин газар бол Нэгжээс зориулалтын хувьд өөр байдаг дэлхий нийтийн чиг хандлагыг баримталсан хэрэг. Учир нь Хотыг төвлөж, бодож зориудаар бий болгож болдог учир тэр. Тийм ч учраас Хот байгуулах, хот болгох гэдэг зүйлийн цаана ямагт ЭДИЙН ЗАСАГ ач холбогдлыг эн тэргүүнд авч үзэх ёстой юм.

Харин өнгөрсөн хугацаанд бид Хот, тосгоны өөрийн удирдлагыг бие даалган байгуулахын оронд шууд л Нэгжийн удирдлагад нь захируулах байдлаар 1993 онд Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийг баталсан. Энэ ч үүднээсээ эдүгээ хүртэл энэ хууль амилж, бодитоор хэрэгжиж чадсангүй.

Дэлхийн бусад улс орнуудын хувьд Хот нэгж үү Эсвэл үгүй юу гэдэгт анхаарал хандуулахгүй харин Хот нь нэгжийн эрхийг эдэлж болох ямар нөхцөлд буйд л анхаарч байна. Өөрөөр хэлбэл, Хот, Засаг захиргааны нэгжийг чиг үүргийг хэрэгжүүлж болдогт л асуудлын зангилаа оршино.

2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд Хот хэмээх бидний уламжлалт хандлагыг зарчмын хувьд өөрчлөхийг зорьсон.

Энэ ч үүднээс Хот, тосгоны өөрийн удирдлагыг Нэгжээс тусдаа байж улмаар Хот, тосгоны удирдлага Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг удирдлагыг чиг үүргийг хэрэгжүүлж болох Үндсэн хуулийн боломжийг нээснээрээ хууль зүйн хувьд Дэлхий нийтийн чиг хандлагад илүү ойртов.

Иймээс хууль зүйн орчны хувьд цаашид байгуулах, эсвэл өнөөгийн засаг захиргааны нэгжээ хот болгохдоо дан ганц засаг захиргааны асуудал гэхээс илүү ЭДИЙН ЗАСГИЙН агуулгаар асуудлыг авч үзэх байдлаар уламжлалт хандлагаа өөрчлөх шаардлагатай юм.

Ингэж байж цаашид Хот, тосгоны хуулиар дамжуулан өнгөрсөн 300 гаруй жилд тогтсон (Манжийн засаг захиргаанаас хойш) өнөөгийн Засаг захиргааны суурь бүтцээ шинэтгэх боломжтой.

ГУРАВ. Хот, тосгоны эрх зүйн байдлын хууль яагаад засаг, захиргааны шинэтгэл хийх вэ? 

Хот байгуулах нэг талаасаа Эдийн засагт үндэслэх нь гарцаагүй. Гэвч үүнээс гадна бид олон зүйлсийг нэг цэгт огтлолцуулан бодож байж Хот, тосгоны хуулийг батлах шаардлагатай.

Тухайлбал:

  • Хот суурийн газрыг бид байгуулахад нэг тэргүүнд байршил буюу геополитик ач холбогдол онцгой ач холбогдолтой. Учир нь тухай хотын улсын эдийн эдийн засагт үзүүлэх шууд болон шууд бус нөлөө, мөн олон улсын болон бүс нутгийн худалдаа, арилжааны бодлогыг чиг хандлага зэргийг бид сайтар төлөвлөж хотын хаана, хэрхэн байгуулах бэ гэдгийг шийдэх шаардлагатай.
  • Дэлхий дээрх шинэ хотууд хувьд бас нэг гол сорилт бол зорилтот зах зээл, эдийн засгийн хувьд ямар зах зээлээс хамааралтай байх асуудал байдаг. Өөрөөр хэлбэл эдийн засгийн хөшүүрэг боломж үгүй бол хотод хөрөнгө оруулах хэн ч хийхгүй. Иймд тухайн хотод хөрөнгө оруулалт хийх эдийн засгийн дэмжлэг, татварын таатай орчин зэрэг асуудал шийдэгдэх шаардлагатай.

Хэрэв энэ суурь хөрсийг хууль зүйн хувьд зөв бүрдүүлбэл улсаас хөрөнгө оруулалт шаардахгүйгээр гадаад болон дотоодын хөрөнгө оруулалтаар нүд ирмэх төдийд дэлхийн хэмжээний орчин шинэ хотыг бид босгож чадах боломж бий.

Энэ нь бидний газар зүйн болон төв ази дах цөөн ардчилсан улс төрийн дэглэм бүхий статустай холбоотойгоор олдож буй боломж юм.

Бодит байдал дээр бид хүссэн ч, эс хүссэн ч хотжилт, суурин соёл иргэншлийн ололтоос хойш суух боломжгүй юм. Тэгж байж бид Дэлхий хөгжлөөс хоцрохгүй цааш хөгжинө.

  • Хот байгуулах суурь хүчин зүйлийн нэг бол байгал орчин, хүрээлэн буй орчны нөлөө байдаг. Энэ хүрээнд хот дан ганц эдийн засгаас гадна хотын орчны аюулгүй байдал буюу газар хөдлөлт, нар, салхи, ундны усны нөөц зэрэг зүйлс мөн чухал ач холбогдолтой.
  • Эцэст нь бид бас зайлшгүй эргэцүүлэх зүйл бол соёл иргэншлийн шинэ болон уламжлалт хандлагын уулзварыг тооцох хэрэгтэй. Эдүгээ хором хормоор багасаж буй нүүдлийн соёл иргэншил бол бидний хувьд анхаарах гол хүчин зүйлсийн нэг юм. Учир нь Хот суурин элсэнд ус хийхтэй адилаар нүүдлийн соёл иргэншлийг өөртөө уусгаж байдаг татах хүчтэй. Шалтгаан нь хэн ч тав тухтай амьдрахыг боддог учир. Иймд нэг талаасаа хотуудад олноороо төвлөрүүлэх нь өргөн уудам газар нутагтай манай орны хувьд сайтар бодох байгуулахгүй бол цаашид Газар нутаг эзгүйрэх эрсдэлийг дагуулах талтай.

Эцэст нь товч дүгнэхэд 

Гэвч наанадаж 30 жил, цаашлаад Монгол Улсын сүүлийн 100 жилд тогтсон хэт давжаа, эдийн засгийн эерэг нөлөө сул засаг захиргааны бүтцээ зөвөөр шинэтгэхэд Хот, тосгоны эрх зүйн байдлын хууль гол түлхүүр болох учиртай!

Засаг захиргааны өнөөгийн бүтэц бол нэг талаасаа эдийн засгийн хувьд бүрэн тооцсон гэхээс илүү өмнөх нийгмийн тогтолцооны суурь тогтолцоонд илүү үндэслэн тогтсон шинжтэй.

Монгол Улсын өнөөгийн засаг захиргааны бүтэц, зохион байгуулалтыг өөрчлөн шинэтгэх гэдэг хэрэг дээрээ тийм ч хялбар биш бөгөөд ихээхэн бэрхшээлтэй асуудал юм. Яагаад гэвэл өнөөгийн засаг захиргааны бүтцэд улс төр, сонгуулийн тогтолцоо, төсвийн хуваарилалт шууд уялдсан байгаа учир. Гэвч цаашид бид дээрх ойрын ашиг сонирхол гэхээс илүү холын зорилгоо энэ тэргүүн тавьж улсаараа урагш ахих замыг сонгох хэрэгтэй болно.

Тийм ч учраас Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийг батлах замаар энэ засаг захиргааны шинэтгэлийг илүү ухаалгаар хийх нь магадгүй бидэнд олдож буй цөөн боломж юм.

Энэ боломжийг бид эс ашиглаж чадваас хот суурин газрыг зөвхөн Улаанбаатараар төсөөлөн үлдэж, цаашид дахин хот байгуулах мөрөөдлөө орхих шаардлагатай болно. Хатуухан хэлэхэд бид дахин Хот, тосгоны хуулийг батлан гаргах шаардлагагүй болно.

Иймээс Хот, тосгоны эрх зүйн байдлын хууль агуулга, ач холбогдлын хэдэн засаг захиргааны нэгжийг нэрийг өөрчлөх бус харин улсын хөгжлийн цаашдын чин хандлагаа сайтар тунгааж байж батлан гаргах чухал хууль билээ.