Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/02/18-НД НИЙТЛЭГДСЭН

Эртний Египетийн фараон дайснууддаа цаазлуулсныг орчин үеийн технологийн тусламжтай тогтоожээ

Т.Давааням, ikon.mn
2021 оны 2 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Эрдэмтэд эртний Египетийг 3,600 орчим жилийн өмнө захирч байсан фараоны занданшуулсан шарилыг орчин үеийн технологийн тусламжтай судлаад хэрхэн нас барсныг нь эцэслэн тогтоожээ.

Хоёрдугаар Секененре Таа нэртэй фараон Египетийн өмнөд хэсгийг захирч байхдаа Ази тивийн баруун хэсгээс гаралтай Гиксосуудын эзлэн түрэмгийллийн эсрэг тэмцэж байсан хүн юм.

Түүний шарилыг 19 дүгээр зууны сүүлээр хийсэн малтлагын үр дүнд олсон байна. Гэвч 40 насандаа таалал төгссөн фараоны үхлийн шалтгааныг тогтоож чадаагүй байжээ.

1960-аад оны үед эрдэмтэд Секененрегийн мумиг рентгэн туяагаар шинжлээд толгойд нь шарх байгааг анх илрүүлсэн байна. Фараоны шарилыг занданшуулсан мэргэжилтнүүд уг шархыг маш сайн нуун далдалсан байжээ.

Энэ үеэс хойш Секененрег бусдын гарт алагдсан гэх янз бүрийн таамаг яригдах болсон юм.

Харин Кайрын их сургуулийн археологич Захи Хавасс, радиологийн профессор Сахар Салим нар орчин үеийн компьютер томографаар шинжилж, гурван хэмжээст зураглал гаргасны дараа фараон хэрхэн амиа алдсаныг тогтоожээ.

Тэдний дүгнэлтээр дайснууд нь фараоныг тулааны талбараас олзолсныхоо дараа цаазаар авах ажиллагааг зохион байгуулсан байна. Энэ дүгнэлтээ батлахын тулд тэд Кайр хот дахь эртний Египетийн музейд хадгалагддаг Гиксосуудын сүх, жад, сэлэм зэрэг зэвсэгнүүдийг фараоны толгойн шархтай харьцуулан судалжээ.

Үүнээс гадна мумигийн гарын яс хэлбэрээ алдсан байсан нь  Гиксосууд фараоны гарыг нурууных нь ард чанга хүлсэнтэй холбоотой гэж дүгнэсэн байна.

Египетийн эрдэмтдийн хийсэн энэхүү судалгааны ажлын тайлан саяхан Frontiers of Medicine анагаах ухааны сэтгүүлд нийтлэгджээ.

 

Эх сурвалж: AFP